Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний 90 орчим хувь нь амьд донороос, ердөө 10 орчим хувь нь амьгүй донороос хийгдэж байна

Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ 90 орчим хувь нь амьд донороос, ердөө 10 орчим хувь нь амьгүй донороос хийгдэж байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад бага үзүүлэлт юм. Иймээс амьгүй донорыг  нэмэгдүүлэх, тархины үхэлтэй донорын тогтолцоог боловсронгуй болгох, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах зорилготой олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах 5-р чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд монгол улс бөөр, элэг, ясны чөмөг, цусны үүдэл эс зэрэг эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нутагшуулж, өнөөдрийн байдлаар 461 бөөр, 700 гаруй элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна. Өнөөдөр зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын чуулга уулзалтын хүрээнд амьгүй донорын тогтолцоог бэхжүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах түүнчлэн амьгүй донорын илрүүлэг, зохицуулалт гэх мэт боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх гол зорилготой байна

Түүнчлэн энэ оны 5 дугаар сарын 8-нд батлагдсан “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” бие даасан хууль нь тус салбарын эрх зүйн орчныг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал болсон байна. Тухайлбал шинэ хуулиар амьгүй донорын насны дээд, доод хязгаарыг хатуу тогтоохгүй байхаар зохицуулснаар хүүхдээс хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах боломж бүрджээ. Өнөөдрийн байдлаар донор хүлээн хүлээлгийн жагсаалтад байгаа 100 гаруй хүүхэд 1000 гаруй том хүн  байна.

Энэхүү сургалт нь амьгүй донорын илрүүлгийг нэмэгдүүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээг өргөжүүлэх, орон нутаг болон нийслэлийн эмнэлгүүдийн чадавхыг бэхжүүлэх, улмаар олон хүний амь насыг аврах боломжийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой.