Иргэд олон тооны зээл авч, үр ашиггүй зардалд зарцуулж, өрийн дарамтад өртөж буй тохиолдол олширч байна. Угтаа зээлийн сайн түүхтэй байх нь хүүг бууруулах, нэн хэрэгцээт зээл авахад өндөр ач холбогдолтой. Гэсэн хэдий ч иргэдэд энэ төрлийн мэдлэг, ойлголт хангалтгүй байгаагаас үүдэн зээлийн оноо буурах тохиолдол түгээмэл гарч байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Үүнтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.
---- Зээл төлөлтийн муу түүхтэй иргэдийг хар жагсаалтад оруулдаг байсан бол 2 жилийн өмнөөс онооны систем нэвтэрч, хэрэгжиж эхэлсэн өөрөөр хэлбэл өр, орлогын харьцаа, зээлийн түүх, төлбөрийн сахилга бат зэргээс хамааран оноогоор үнэлэгдэнэ гэсэн үг.
---- Манай улсын хувьд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг 2 байгууллага байдаг бөгөөд иргэдийн зээлийн дундаж оноо 580-690 байна. Гэвч энэ нь зөвхөн тогтмол орлоготой иргэдийн дундаж онооны үзүүлэлт юм.
---- Тэгвэл зээлийн оноонд эргэн төлөлт, хэмжээ, түүх, багц зэрэг нь ихээхэн нөлөөлдөг. Үүгээр зогсохгүй авахаар судлуулж буй зээлийн лавлагааны тоо болон бусдын батлан даагч болсон тохиолдол хүртэл оноожуулалтад тооцогддог байна.
---- Түүнчлэн холбогдох хуулиар иргэн болон аж ахуйн нэгжийн бүрэн төлөгдсөн зээл, төлбөрийн мэдээлэл 10 жилийн хугацаанд хадгалагддаг. Харин төлөгдөж дуусаагүй зээл, өр төлбөрийн мэдээлэл нь бүрэн хаагдах хүртэл байх юм.
Хар жагсаалт гэх ойлголт хэдийнээ үгүй болж зээлийн мэдээллийн сан дахь мэдээллээр үнэлэгддэг оноожуулалтын систем нэвтрээд 2 жил болж байгаа бол холбогдох хууль батлагдаад жил орчим хугацаа өнгөрч байна. Оноожуулалтын систем нь иргэдийн санхүүгийн сахилга батыг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг бууруулах гээд олон талын ач холбогдолтой. Гэсэн хэдий ч иргэдийн дунд энэ төрлийн мэдлэг, ойлголт харилцан адилгүй байна.
Зээлийн оноог өр, орлогын харьцаа, зээлийн түүх, төлбөрийн сахилга бат зэргээр үнэлдэг. Ингэхдээ зөвхөн банк болон бусад санхүүгийн байгууллагаар зогсохгүй тухайн иргэний өөр өр, төлбөрийг хүртэл харгалзан үздэг байна.
Тэгвэл иргэдийн дунд мэдлэг, ойлголт дутагдалтай байгаагаас үүдэн зээлийн оноо буурч байгаа тохиолдол олширч байна. Тодруулбал зээлийн дундаж оноо 580-690 байгаа бөгөөд зөвхөн тогтмол орлоготой иргэдийн дундаж үзүүлэлт юм. Ингэхдээ эргэн төлөлтийн хугацаа хэтрэх, зээлийн муу түүх, тоо хэмжээ зэрэг нь өндөр нөлөө үзүүлдгээс гадна авахаар судлуулж буй зээлийн лавлагаа, бусдын батлан даагч болох хүртэл зээлийн өндөр ач холбогдолтой юм байна.
Тэгвэл зээлийн оноогоо өсгөхөд ердөө хариуцлагатай зээлдэгч буюу хугацаандаа эргэн төлөлтөө төлөх, олон газраас үр ашиггүй зээл авч өрийн дарамтад орохгүй байх зэрэг нь өндөр нөлөөтэй. Цаашлаад зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл 10 жил хадгалагддаг бөгөөд зээлээ хаасан ч оноо өсөхгүй юм байна.
Иймд иргэдийн санхүүгийн мэдлэг, ойлголтоо сайжруулж, зээлийн оноонд өндөр ач холбогдол өгөх шаардлагатай байна. Учир нь ганцхан удаа муу зээлдэгч болох нь дараа дараагийн боломж бололцоог хязгаарлаж, санхүүгийн тогтворгүй байдлыг бий болгох эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлалаа.