Зуны улирал эхэлж, иргэд хөдөө орон нутаг руу олноор зорчиж байна . Гэвч иргэдийн зүгээс орон нутгийн авто зам төдийгүй нийслэлийн захын хороолол, зуслангийн бүсийн замын эвдрэл, засвар үйлчилгээ хангалтгүй байгааг шүүмжилсээр байна. Тэгвэл зам, тээврийн сайд авто зам ашигласны төлбөрийн орлого бага учир авто замын засвар, арчлалтад шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэхэд хүндрэл учруулж байна гэж мэдэгдсэн юм.
Энэ онд зам, тээврийн салбарт дэлхийн банкны санхүүжилтээр улсын хэмжээнд 368 км авто зам, 876 метр урт гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон бөгөөд чойр-замын үүд чиглэлийн 435.3 км тусгай зориулалтын авто замын бүтээн байгуулалт мөн эхлээд байна. Гэсэн ч бодит байдал дээр орон нутгийн болон хот орчмын авто замын эвдрэл жилээс жилд нэмэгдсээр байгааг иргэд шүүмжилж байна.
Тэгвэл авто зам ашигласны төлбөрийн орлого бага байгаа нь замын засвар, арчлалтад шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэхэд хүндрэл учруулж байгааг зам, тээврийн сайд хэлж байна. Түүнчлэн авто замын засвар, арчлалтад жилд ойролцоогоор 100 орчим тэрбум төгрөг төсөвлөж байгаа ч энэ нь хангалтгүй, зөвхөн шаардлагатай хөрөнгийн бага хэсгийг бүрдүүлж байгаа юм. Иймд орон нутгийн авто замаар зорчдог суудлын автомашинаас 20 мянга, ачааны машинаас 50 мянган төгрөгийн хураамж авах замаар засварын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх тухай ярихаас өмнө жолооч нарын төлсөн төлбөр нь үнэхээр авто замын засвар үйлчилгээнд зарцуулагдаж байна уу гэдгийг тодорхойлох шаардлагатай гэдгийг иргэд мөн хэлж байна. Жил бүр их хэмжээний хөрөнгө төсөвлөж байгаа ч олон авто зам богино хугацаанд эвдэрч, дахин засварлах шаардлага үүсдэг нь өнөөгийн нийгэмд тод харагдаж байгаа билээ.