Хиймэл оюуны дата төвүүдийн цахилгааны хэрэглээг хангахын тулд Д.Трамп нүүрсний салбарт 850 сая долларын хөрөнгө оруулна

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хиймэл оюун ухааны тэсрэлтээс үүдэлтэй эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангах, Ираны дайнаас үүдэлтэй цахилгааны үнийн өсөлтийг сааруулахын тулд дотоодын нүүрсний салбарт 850 сая ам долларын хөрөнгө оруулна гэж мэдэгдлээ. Тэрээр онцгой эрх мэдлийнхээ хүрээнд “Ногоон эрчим хүчний шилжилтэд” зориулсан тусгай сан дахь хөрөнгөөс төсвөө бүрдүүлэхийг үүрэгдсэн байна. 

Харин Доналд Трампын нүүрсний салбар дахь хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэр нь байгаль орчны идэвхтнүүд болон ардчилсан намын хууль тогтоогчдын шүүмжлэлд өртөж, шүүхийн хаалга татахад хүргэж болзошгүй байна. 

АНУ-ын хиймэл оюун ухааны дата төвүүдийн цахилгааны хэрэглээ 2026 он гэхэд 400 тераватт-цагт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь тус улсын нийт хэрэглээний 10 хувийг эзэлж байна. Нар, салхины эрчим хүч нь цаг агаарын нөхцөл байдлаас хэт хамааралтай тул хиймэл оюуны дата төвүүдийг тасралтгүй ажиллуулах суурь ачааллыг хангахын тулд нүүрсний цахилгаан станц боломж сонголтын нэг гэж үзжээ. 

Тэгвэл АНУ-ын эрх баригчид 2013 оноос хойш анх удаа нүүрсний цахилгаан станц барих зөвшөөрөл олгосон бол Д.Трампын засаг захиргааны үлэмж хэмжээний төсвийн санхүүжилтийн бараг тал хувийг буюу 400 сая ам.долларыг Аляска болон баруун Виржиниа мужуудад нийт 2.8 гигаваттын шинэ цахилгаан станц барихад зарцуулах аж. Харин 375 сая долларыг хуучин 15 нүүрсний цахилгаан станцын насжилтыг уртасгахад, ердөө 75 сая долларыг нүүрс цэвэршүүлэх байгаль орчны технологид хуваарилжээ. 

Трампын төлөвлөгөөний дагуу нүүрсний салбарт 850 сая долларын хөрөнгө оруулснаар 14 мянга ажлын байр шинээр бий болно гэж тооцоолжээ. Цааш дэлгэрүүлбэл Д.Трампын засаг захиргаа Калифорни мужийн Оакланд хотод нүүрс экспортлох томоохон терминал шинээр барьж, жилд нэмэлт 15-30 сая тонн нүүрс гадаад улс руу экспортлохоор төлөвлөж байна. Харин АНУ-ын нүүрсний гол авагчаар эрчим хүчний хомсдолд орсон энэтхэг, вьетнам зэрэг азийн орнууд байх төдийгүй хэдийн гэрээ хэлэлцээр байгуулах ажил эхэлсэн гэж мэдээлж байна.