Даваа гарагт Унгарын парламентын танхим гишүүдийнхээ үндсэн цалинг 40 хувиар бууруулах хуулийн төслийг санал нэгтэйгээр баталлаа. Унгарын шинэ ерөнхий сайд Петер Мадьяр өөрийн цалинг өмнөх удирдагч Виктор Орбанаас даруй хоёр дахин багасгах санаачилга гаргасаны дараа дээрх хуулийн төслийг баталж байна.
Унгарын үндэсний ассамблейн хуралдаанд оролцсон 189 гишүүн бүгдээрээ цалингаа 40 хувиар бууруулах хуулийг 100 хувийн саналаар дэмжсэн бөгөөд ирэх сараас эхлэн тэдний сарын үндсэн цалин татварын өмнөх дүнгээр 3690 еврод хүрч буурах юм байна.
Унгарын ерөнхий сайд асан Виктор Орбан 7.8 сая форинт буюу 22 сая төгрөгийн цалин хангаж авдаг байсан бол тус улсын засгийн газрын тэргүүн 3.8 форинтын цалин авна гэдгээ мэдэгджээ. Мөн сайд нар, төрийн нарийн бичгийн дарга нар, хотын дарга нар болон төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалинг мөн ижил зарчмаар танаж байгаа гэж Унгарын хэвлэлээр мэдээллээ. Үүнээс гадна Унгарын засгийн газар цалингаас гадна улс төрчдийн үрэлгэн зардлыг хумьж эхэлжээ. Тухайлбал гишүүдийн орон сууц, зочид буудлын төсвийг 40 хувиар, ажлын байрны түрээсийн нөхөн олговрыг 60 хувиар, туслахуудын цалингийн төсвийг 30 хувиар тус тус хассан байна. Цаашилбал парламентын гишүүд утасныхаа төлбөрийг өөрсдөө төлдөг болж, шатахууны төлбөр, туслах ажилтнуудын сарын зардлын босгыг 7 сая форинт байсныг 4 сая форинт болгон бууруулжээ. Унгарын ерөнхий сайд Петер Мадьяр улс төрийн эрх мэдэл нь баяжих хэрэгсэл биш, харин ард түмэндээ үйлчлэх үйл хэрэг хэмээн мэдэгджээ. Тэрээр улс төрчдийг давуу эрхт элит биш, олон нийтийн зарц гэдгийг харуулахыг зорьж буйг ажиглагчид хэллээ. Петер Мадьяр төсвийн алдагдлыг нөхөхийн тулд улс төрчдийн бүсийг чангалж 130 сая евро хэмнэхээр төлөвлөжээ.