Монгол улсын хөдөлмөрийн хуульд 13-15 насны хүүхдийг зөвхөн эцэг эхийн зөвшөөрлөөр эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хөнгөн ажил эрхлэхийг зөвшөөрсөн байдаг. Гэвч энэ хуулийг зөрчиж буй ААН-үүд байсаар байна. Тодруулбал 5 сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “кимбаб чонгүг” солонгос хоолны газарт барилгын засварын ажил хийгдэж байх үеэр 15 настай хүүхэд нурангид дарагдан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд Г.Учралд хандан насанд хүрээгүй хүүхдээр хүнд хүчир хөдөлмөр эрхлүүлэх явдлыг таслан зогсоох, холбогдох иргэн, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох, хөдөлмөрийн хяналт шалгалтыг сайжруулах талаар шаардлага хүргүүллээ.
Барилгын хананд дарагдаж харамсалтайгаар амиа алдсан хүү ээж болон ахынхаа хамт амьдардаг байжээ. Түүний ээжийн биеийн байдал тааруу, байнга хэвтэн эмчлүүлдэг байсан тул ах, дүү хоёр ажил хийж амьжиргаагаа залгуулдаг байсан байна. Талийгаач хүүгийн ахын хэлснээр, тэрбээр хоёр жилийн өмнөөс ээжийнхээ эмчилгээ, эм тарианы зардлыг олохын тулд барилгын ажил хийж эхэлжээ. Харин дүү нь өвчтэй ээжийгээ асрах шаардлагын улмаас ах, дүү хоёр хоёулаа сургуулиа орхисон байна. Мөн талийгаач хүүгийн эгчийн мэдээлснээр, тухайн ажилд зуучилсан "самшил" компани хүүгийн насыг үл харгалзан, бие бялдрын хувьд том биетэй байсан гэх шалтгаанаар ажилд авсан байна. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, хамгаалах хэрэгслээр хангалгүй ажилд гаргажээ.
Хэрэг гарснаас хойш бараг нэг сарын хугацаа өнгөрөх гэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай байгаа талаар талийгаач хүүгийн нагац эгч мэдээллээ. Тэрбээр мөн тухайн компаниас өнөөдрийг хүртэл оршуулгын зардал болон бусад хохирол барагдуулахтай холбоотой ямар нэгэн арга хэмжээ аваагүй хэмээн мэдэгдсэн юм. Харин талийгаач хүүгийн өмгөөлөгчийн зүгээс монгол улсын хууль, журамд 13-15 насны хүүхэд тодорхой төрлийн хөдөлмөр эрхлэхийг гурвалсан гэрээ хийж зөвшөөрдөг боловч хүнд хүчир, аюултай нөхцөлтэй ажил, тэр дундаа барилгын хана нураах зэрэг ажлыг хийлгэхийг хориглодог болохыг онцоллоо.
Ар гэрийнхний хүргүүлсэн шаардлагыг ерөнхий сайдын зөвлөх хүлээн авч насанд хүрээгүй хүүхдийг аюултай нөхцөлд ажиллуулсан гэх асуудлыг хууль, хяналтын байгууллагууд нягтлан шалгуулж аж ахуйн нэгжид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэдгийг илэрхийллээ. Мөн уг хэргийг шуурхай шалгаж, үнэн зөвөөр шийдвэрлэх шаардлагыг цагдаагийн байгууллагад хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Талийгаач хүүгийн ар гэрийнхэн ажилд зуучилсан "саамшил" компанид гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тус компани өнөөдрийг хүртэл талийгаач хүүд эмгэнэл илэрхийлээгүй бөгөөд асуудлыг зөвхөн хууль, журмын хүрээнд шийдвэрлэнэ гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Иймд ар гэрийнхэн зүгээс насанд хүрээгүй хүүхдээр хүнд хүчир, аюултай хөдөлмөр эрхлүүлж, үүнээс ашиг олдог аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг эрчимжүүлж, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох шаардлагатай байгааг онцолсон юм. Түүнчлэн цаашид ийм төрлийн харамсалтай хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлж, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд тавих хяналтыг сайжруулан, хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хүссэн шаардлагыг ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа ар гэрийнхэн мэдэгдлээ.