АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Д.Трампын цагаачлалын хатуу бодлогыг санхүүжүүлэх 70 тэрбум ам.долларын төсвийг эцэслэн баталлаа. Ингэснээр Д.Трампын засаг захиргаа хууль бус цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах, хилийн хяналтыг чангатгах төлөвлөгөөгөө ирэх гурван жилийн хугацаанд саадгүй хэрэгжүүлэх санхүүгийн чадамжтай болж байна.
Төсвийн санхүүжилт тасарсны улмаас АНУ-ын дотоодын аюулгүй байдлын яамны үйл ажиллагаа хэсэгчлэн зогсоход хүрээд байсан юм. Харин Мягмар гарагт Бүгд найрамдах намынхан "Төсвийн зохицуулалт" хэмээх хуулийн тусгай дүрмийг ашиглан, сөрөг хүчний тавьсан хяналтын шаардлагуудыг алгасаж, санхүүжилтийг шууд баталлаа. Энэ нь Д.Трампын засаг захиргаа хууль бус цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах төлөвлөгөөгөө ямар нэгэн саадгүй хэрэгжүүлэх санхүүгийн бүрэн боломжтой болсныг илтгэж байна.
Уг төсөв нь Ерөнхийлөгч Д.Трампын бүрэн эрхийн хугацаа дуустал буюу 2029 он хүртэл цагаачлалын хяналтыг чангатгахад зориулагдах юм. Нийт санхүүжилтийн хамгийн том хэсэг буюу 38 тэрбум долларыг цагаачлал, гаалийн хяналтын газарт хууль бус цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах ажиллагааг эрчимжүүлэхэд зарцуулна. Харин үлдсэн 26 тэрбум долларыг хилийн эргүүл, бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхэд, 5 тэрбум долларыг хилийн технологи, хиймэл оюун ухааны хяналтын системд хуваарилжээ.
Уг төсөл батлагдахаас өмнө АНУ-ын хоёр том намын хууль тогтоогчдын хооронд ширүүн тэмцэл өрнөсөн юм. Миннеаполис хотод холбооны цагаачлалын ажилтнуудын гарт хоёр иргэн амиа алдсаны дараа Ардчилсан намынхан цагаачлалын албаныханд хяналт тавих, биеийн камер зүүлгэх шаардлага тавьж төсвийг гацаагаад байсан юм. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны үйл ажиллагаа түүхэндээ анх удаа хамгийн урт хугацаанд хэсэгчлэн зогссон юм. Тэгвэл уг төсөв батлагдсанаар Д.Трампын засаг захиргаа жилд 1 сая орчим хууль бус цагаачийг албадан гаргах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх санхүүгийн бүрэн боломжтой болж байна. Ардчилсан намынхан үүнийг Д.Тампын "Албадан гаргах хатуу машинд" олгосон хяналтгүй, хоосон чек гэж шүүмжилж байгаа бол Бүгд Найрамдахчууд үүнийг удахгүй болох Конгрессын завсрын сонгуулийн өмнөх томоохон ялалт гэж үзэж байна.