Япон улс хүүхдэд чиглэсэн бодлогын хүрээнд амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарал хандуулна

Япон улсын Засгийн газар хүүхэд, залуучуудын дундах амиа хорлолтын түвшин түүхэн дээд хэмжээндээ хүрсэнтэй холбогдуулан хүүхдэд чиглэсэн бодлогодоо амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх ажлыг хамгийн гол, тэргүүлэх чиглэл болгон зарлаж, 2026 оны тусгай үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган баталжээ. 1980 онд хүүхэд залуучуудын дундах амиа хорлолтын түвшинг бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт өнгөрсөн 2025 онд бүртгэгдсэн байна.

2025 онд Япон улсад бага, дунд, ахлах ангийн нийт 538 сурагч амиа хорложээ. Сурагчдын дундах амиа хорлолтод хичээлийн хоцрогдол, сурлагын дүн, ирээдүйн мэргэжил сонголтын дарамт, сэтгэл гутрал болон гэр бүлийн харилцааны асуудлууд голлон нөлөөлсөн нь судалгаагаар тогтоогдсон байна. Тус улсад насанд хүрэгчдийн амиа хорлолтын нийт тоо буурч, түүхэндээ анх удаа 20 мянгаас доош орсон боловч хүүхдийн амиа хорлолт эсрэгээрээ тасралтгүй өсөж байгаа нь эрх баригчдыг ийнхүү яаралтай арга хэмжээ авахад хүргэжээ.

Япон улсын Засгийн газар хүүхдийн сэтгэл зүйн хямрал, амиа хорлох эрсдэлийг эрт шатанд нь илрүүлэхийн тулд хиймэл оюун ухаанд суурилсан технологиуд ашиглахаар төлөвлөж байна. Мөн хүүхдэд тусламж хэрэгтэй байгааг эрт илрүүлж, яаралтай тусламж үзүүлэхийн тулд бүх хот, дүүргүүдэд сургууль, эмнэлэг, сэтгэл зүйн байгууллагуудыг нэгтгэсэн тусгай зөвлөлүүд байгуулж байна. Түүнчлэн цахим сүлжээнд тавигдаж буй амиа хорлолттой холбоотой хортой мэдээллүүдийг хянах, хүүхдүүдийг цахим орчинд аюулгүй байлгах эерэг уур амьсгал бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулахаа холбогдох албаныхан мэдэгджээ.