УИХ-аар жилд 80 орчим хууль батлагддаг ч манай улсад хуулийн хэрэгжилт дутмаг гэж олон улсад үнэлэгддэг

Парламентын засаглалтай болсноос хойш манай улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй мянга орчим бие даасан хууль, тэдгээрийг дагаж гарсан тоологдохгүй олон тогтоол, захирамж, журмууд үйлчилдэг. Гэвч дийлэнх нь бүрэн хэрэгждэг эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тэгвэл бодит амьдрал дээр хэрэгждэггүй, хяналтын механизм хангалтгүй тогтолцооны гажуудлыг хууль тогтоогчид өөрсдөө ч шүүмжилж байна. УИХ-ын гишүүд хуулийн чанарт бус тоо, сэдэв өмчилж өрсөлддөг гэдгийг анх удаа парламентад сууж буй гишүүдийн төлөөлөл онцолж байна.

Зөвхөн нэг жишээ дурдахад одоогоос 13 жилийн өмнө Засгийн газраас ААНБ-ууд хаяг, зар сурталчилгаагаа монгол хэлээр бичих тогтоол гаргаж байжээ. Улмаар стандарт нь батлагдаж, эрх зүйн орчин нь бүрдсэн ч нийслэлийн гудамжинд тус шийдвэр хэрэгжсэнгүй, одоо ч цаасан дээр тамгатай байна. Яг үүнтэй адил амьдрал дээр амьгүй, цаасан дээр амьд 1000 орчим хууль, тоогоо алдсан дүрэм журам өнөөдөр манай улсад үйлчилдэг. УИХ-ын Хавар эсвэл Намрын нэг чуулганаар л гэхэд дунджаар 10-30 орчим бие даасан хууль эсвэл хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталдаг. Нийтдээ жилд 40-80 орчим хууль шинээр болон нэмэлт өөрчлөлтөөр батлагдан гардаг гэх албан бус судалгаа байна. Гэвч манай улс 2025 оны “Хуулийн засаглалын индекс”-ийн тайлангаар дэлхийн дунджаас бага оноогоор үнэлэгдэж 143 орноос 67-д эрэмбэлэгджээ. Мөн Дэлхийн банкны судалгаагаар ч манай улсын хуулийн чанар, шүүх, цагдаагийн байгууллагад итгэх иргэдийн итгэл сул, хуулийн хэрэгжилт дутмаг гэж үнэлэгдсэн байна.

Шинэ хууль УИХ-аар батлагдахдаа “Энэхүү хуулийн хэрэгжилтийг Засгийн газрын журмаар зохицуулна” гэсэн пайзтай гарах нь олонтаа. Өөрөөр хэлбэл, журам гартал хууль хэрэгжих боломжгүй гэсэн үг. Мөн Засгийн газрын тогтоол доод шатны байгууллагаар дамжсаар хөрсөн дээр бууж хэрэгжтэлээ хэдэн он дамнадаг жишиг ч манайд бий. Мөн хууль санаачлагчид төвлөрсөн парламент дотроо ч чанарт бус тоонд анхаардаг уралдаан хавтгайрсан гэдгийг зарим гишүүдийн зүгээс хэлж байна.

Угтаа хууль тогтоомжийн тухай хуулиар баталсан хууль бүрийнхээ араас үр дагаврын үнэлгээ хийх ёстой ч энэ тогтолцоо бодит байдал дээр хэлбэр төдий ажиллаж байгааг ч мөн шүүмжилж байгаа юм.

Тэгвэл хууль хэрэгжихгүй байгаа гацаанаас гарахын тулд баталсан хуулийнхаа биелэлтийг гүйцэтгэх засаглалаас нэхдэг, иргэдийн оролцоог хангасан амьд механизмыг бүрдүүлэх шаардлагатайг хууль тогтоогчид хэлж байна.

Хэрэгждэггүй олон хууль, тогтоол үйлдвэрлэхээс илүүтэй, баталсан хуулийнхаа чанар, хэрэгжилтэд анхаарах цаг болсныг энэ мэт бодит жишээнүүд болон гишүүдийн өөрсдийнх нь байр суурь бэлхнээ гэрчилж байна.