Н.Учрал: Илүү олон жил НДШ төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоонд шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Ахмадууд тэтгэврээ нэмэгдүүлэхийг шаардан жил гаруй хугацаанд Төрийн ордны гадна жагсаж байгаа. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ингэснээр ахмадын тэтгэврийн шударга бус тогтолцоог халж, илүү олон жил НДШ төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг тогтолцоо руу шилжих агуулга бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Хүн амын дундаж наслалт нэмэгдэж, 2004 онд 64.6 жил байсан дундаж наслалт 2024 онд 71.8 жил болж, 20 жилийн хугацаанд 7.2 жилээр уртасжээ. Хэдийгээр насжилт уртсах нь сайн хэрэгч, нөгөө талаас тэтгэвэр авч буй ахмадуудын орлогын хэмжээ хангалтгүй байгаа юм. Тодруулбал, улсын хэмжээнд 504 мянган тэтгэвэр авагч байгаагаас 57 хувь нь буюу тал гаруй нь 769 мянган төгрөг болон түүнээс доош хэмжээний тэтгэвэр авч байна. Түүнчлэн эдгээр ахмадуудын гуравны нэг нь 25-аас дээш жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэдий ч бага хэмжээний тэтгэвэр авч, нийт ахмадын 42 хувь нь бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр, 15 хувь нь хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгожээ.

Иймээс Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тэтгэврийн тогтолцоог үе шаттай шинэчлэхээр болоод байна. Шинэчлэлийн гол зорилго нь тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, даатгалын сангийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах, залуу үед ирэх санхүүгийн ачааллыг бууруулахад чиглэж байгаа юм.

Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд баталгаат суурь тэтгэврийн тогтолцоог бий болгож, ахмадуудад сар бүр 100-300 мянган төгрөгийн нэмэлт суурь тэтгэвэр олгохоор тусгажээ. Ингэснээр одоогийн 504 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр дунджаар 215 мянган төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Мөн шимтгэл төлсөн хугацааг илүү бодитой үнэлдэг тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор 25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэнд жил тутам цалингийн 1.5 хувийн нэмэгдэл тооцдог бол үүнийг 2 хувь болгон нэмэгдүүлэх, 35 болон түүнээс дээш жил ажилласан иргэн тэтгэврээ цалингийнхаа 67.5 хувиар бус 72.5 хувиар тооцуулдаг болох юм байна.

Түүнчлэн олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл иргэд баталгаат суурь тэтгэвэр, тэтгэврийн даатгалын сангаас авах тэтгэвэр, сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн 3 эх үүсвэрээс тэтгэврийн орлогоо бүрдүүлэх боломжтой болно. Хувийн хуримтлал үүсгэж байгаа даатгуулагчдыг төрөөс тодорхой хугацаанд урамшуулах зохицуулалт ч мөн багтаж байна.