Иргэд E-Gazar.GOV.MN системээр хүсэлт гарган, газар эзэмших эрхээ өмчлөх эрх болгон шилжүүлэх боломжтой

Нийслэлийн хэмжээнд иргэдийн эзэмшиж буй газрыг хувийн өмчлөлд нь шилжүүлэх аян албан ёсоор эхэллээ. Энэхүү аяны үр дүнд иргэд газраа хугацаатай эзэмших бус харин өөрийн хувийн өмч болгон өмчлөх бүрэн эрхтэй болох юм.

  • Газар эзэмших гэрчилгээ нь төрийн газрыг түр ашиглах эрх бөгөөд тодорхой хугацааны дараа эрхээ заавал сунгуулахыг шаарддаг. Тэгвэл өмчлөх гэрчилгээ нь тухайн газраа худалдах, өвлүүлэх, барьцаалах зэргээр чөлөөтэй захиран зарцуулах бүрэн эрхийг газрын эзэнд олгодог давуу талтай.
  • Гэвч иргэдийн эзэмшиж буй бүх газрыг өмчлүүлэх боломжгүй юм. Өнөөдрийн байдлаар нийслэлд 114 мянган иргэн газар эзэмшиж байгаагаас 87 хувь нь буюу 99 мянган иргэн эзэмшиж буй газраа өмчлөх боломжтой юм байна.
  • Учир нь хуульд зааснаар улсын тусгай хэрэгцээний газар нутаг болон нийтийн эдэлбэр газрыг өмчлүүлэхийг хориглосон байна. Мөн сүүлийн жилүүдэд хамгийн их асуудал дагуулж буй үерийн ам, далан бүхий гамшгийн эрсдэлтэй бүс, түүнчлэн өндөр хүчдэл, дулаан, усны төв шугам сүлжээний зурвас газарт  хашаа барьсан иргэдэд өмчлөх эрх олгохыг хориглодог ажээ.
  • Тэгвэл нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд энэ онд нийт 2843 иргэнд 156 га газрыг өмчлүүлэхээр баталжээ. Иргэд e-gazar.gov.mn системд нэвтэрч өөрийн эзэмшиж буй газартай холбоотой ямар нэгэн зөрчил, алдаа байгаа эсэхийг шалган, асуудалгүй тохиолдолд цахимаар хүсэлт гаргаж, өмчлөх эрхээ авах боломжтой болж байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхэлснээр иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй болсон. Тодруулбал, нийслэлд бүртгэлтэй иргэд 0.07 га буюу 700 м.кв хүртэл, аймгийн төвд 0.35 га буюу 3,500 м.кв хүртэл, сумын төвд 0.5 га буюу 5,000 м.кв хүртэл хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй юм. Иргэд эзэмшиж буй газраа өмчилж авснаар тухайн газраа хуульд заасан журмын дагуу худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэрэг захиран зарцуулах эрхтэй болохоос гадна хууль тогтоомжид заасан бусад эрхийг эдлэх боломж бүрддэг. Иймд иргэдийн газар эзэмших эрхийг өмчлөх эрх болгон шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт газар өмчлөлтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх цэгүүдийг ажиллуулж эхэлжээ.

Мөн иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ цахимаар гаргах боломжтой. Тодруулбал, E-Gazar.GOV.MN системд нэвтэрч өөрийн эзэмшиж буй газартай холбоотой ямар нэгэн зөрчил, алдаа байгаа эсэхийг шалган, асуудалгүй тохиолдолд цахимаар хүсэлт гаргаж өмчлөх эрхээ авах боломжтой байна. Харин зөвлөгөө, мэдээллийн цэгүүдэд хандаж буй иргэдийн дунд газраа өмчлөх боломжгүй нөхцөлтэй иргэд цөөнгүй байна. Тухайлбал, өндөр хүчдэлийн шугамын хамгаалалтын бүсэд байрласан, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гараагүй болон газар эзэмших хугацаа дууссан, эсвэл тухайн газар нь 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй мөн  хот төлөвлөлтийн дагуу нийтийн эдэлбэр, зам, инженерийн шугам сүлжээний бүсэд байрлах зэрэг шалтгааны улмаас эзэмшиж буй газраа өмчлөх боломжгүй байгаа юм. Иймээс иргэд E-Gazar.GOV.MN системээр дамжуулан эсвэл харьяа дүүргийн газрын албанд хандан өөрийн эзэмшиж буй газрыг өмчлөх боломжтой эсэх талаар урьдчилан тодруулж, мэдээлэл авах боломжтой юм.

Иймээс иргэд газраа өмчлөх хүсэлт гаргахаасаа өмнө тухайн газрын эрх зүйн байдал, байршил болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хамрагдсан эсэхийг нягтлах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна.