Дэлхийн хамгийн нэр хүндтэй спорт, соёлын баяр болох "хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" өчигдөр албан ёсоор хөшгөө нээлээ. Түүхэндээ анх удаа АНУ, Мексик, Канад гэсэн гурван улс хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь гурван өөр хотод, гурван тусдаа бие даасан нээлтийн ёслолын ажиллагааг зохион байгуулахаараа онцлог юм.
6-р сарын 11-ний пүрэв гарагт Нью-мехико хотын алдарт "ацтека" цэнгэлдэх хүрээлэнд поп дуучин Shakira болон Burna boy нар нээлтийн ёслолд уран бүтээлээ толилуулна гэж мэдээллээ. Харин ирэх баасан гарагт Торонто хотод болох нээлтийн ажиллагаанд Michael Bublé Alanis Morissette зэрэг Канадын нэрд гарсан дуучид оролцох аж.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа нь зөвхөн алдартай дуучид цуглаж байгаагаараа биш, зохион байгуулалт болон технологийн хувьд хөлбөмбөгийн түүхэнд цоо шинэ хуудас нээж байгаагаараа онцлог юм байна.
Энэ удаагийн тэмцээнд зориулан анх удаа "үзэгчдэд зориулсан 360 градусын" шинэ дүрэм хэрэгжүүлж байгаа гэж мэдээллээ. Тухайлбал нээлтийн үйл ажиллагааны дараа цэнгэлдэхэд төрийн дуулал эгшиглэх үеэр зөвхөн үндсэн гарааны 11 тоглогч биш, тухайн багийн сэлгээний болон нөөцөд байгаа бүх тоглогчид талбайн төвд цуглах аж. Ингэснээр тэд эх орныхоо бахархлыг хамтдаа хуваалцаж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулах нь урьд өмнө болж байгаагүй үйл явдал болох юм. Урьд өмнөх дэлхийн аваргуудаар нээлтийн шоу арга хэмжээ урт хугацаанд үргэлжилдэг байсан бол энэ удаа Мексик дэх нээлт яг 16 минут 30 секунд, харин Канад болон АНУ дахь шоунууд ердөө 13 орчим минут үргэлжлэх маш шахуу хуваарьтай байна