Өнгөрсөн 5-р сард АНУ-ын хэрэглээний үнийн индекс 4.2 хувьд хүрсэн бөгөөд энэ нь 2023 оны 4-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ойрх дорнодын хямралын улмаас дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг бүхий улсад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, хэрэглэгчдэд ирэх дарамт нэмэгдэж эхэлсэн гэж мэдээллээ.
Америкчуудын хамгийн ихээр мэдэрч байгаа санхүүгийн дарамт нь шатахууны үнэ юм. АНУ-ын батлан хамгаалах яам болон Израил улс Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж, ормузын хоолой хаагдсанаас хойш дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом өссөн. Хэрэглээний сагсан дахь эрчим хүчний үнэ жилийн хугацаанд 23.5 хувиар өссөн нь нийт инфляцын өсөлтийн 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлжээ.
Эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнийг хасаж тооцсон суурь инфляц 2.9 хувьтай гарсан нь хэрэглээний үнийн индексийн савлалт эдийн засгийн бусад салбарууд руу халиагүйг илтгэж байна. Гэвч уг мэдээлэл нь ирэх долоо хоногт болох АНУ-ын төв банк буюу холбооны нөөцийн сангийн хуралдаанаар бодлогын хүүг бууруулах хүлээлтийг нураалаа. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын инфляцын түвшин сүүлийн 3 жилийн дээд цэгт буюу 4.2 хувьд хүрсэн тухай тайлан гарсны дараа цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “би инфляцад дуртай” гэж хэлж олон нийтийг гайхшируулсан байна
Трамп инфляцыг эергээр харж байгаагаа АНУ Израилын хамтарсан дайн болон газрын тосны нууц ажиллагаатай холбон тайлбарласан байна. Тэрээр АНУ-ын арми Иранаас сая сая баррель газрын тосыг нууцаар тээвэрлэж, ормузын хоолойгоор радараа унтраасан 22 хөлөг онгоцоор тээвэрлэсэн гэж мэдэгдлээ. Үүний хүчинд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг 85 долларт барьж чадаж байгаа гэж тэрээр сайрхсан байна. Мөн Д.Трамп Ираны дайн дуусмагц шатахууны үнэ эргээд 2026 оны эхээр АНУ-д байсан шиг нэг галлон нь 1.85 доллар руу маш хурдан унаж, инфляц бүрэн арилна гэж үзэж байна.