Ус, дулааны төлбөрөө хоёр сараас дээш хугацаанд төлөөгүй айл өрхийн мэдээллийг 6-р сараас эхлэн зээлийн мэдээллийн санд бүртгэж эхэлжээ

Ус, дулааны төлбөрөө хоёр сараас дээш хугацаанд төлөөгүй айл өрхийн мэдээллийг энэ сарын 1-ээс эхлэн зээлийн мэдээллийн санд бүртгэхээр боллоо. Учир нь орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт одоогоор 167 мянга гаруй өрхийн мэдээлэл бүртгэлтэй байна. Эдгээр өрхийн 15-20 хувь нь ус, дулааны төлбөрөө тогтмол төлдөггүй тул ус, дулааны төлбөрөө хоёр сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд тухайн хэрэглэгчийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэж оруулах ажил энэ сараас хэрэгжиж эхэлжээ.

Ийнхүү шийдвэр гаргасан гол шалтгаан нь айл өрхүүд цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тохиолдолд төлбөрөө  хугацаанд нь төлөөгүй бол цахилгааныг тухайн айлаар нь таслах боломжтой байдаг. Харин ус, дулааны үйлчилгээний хувьд төлбөрөө төлөөгүй айл өрхийн хэрэглээг дангаар нь хязгаарлах боломж хомс байдаг байна. Учир нь ус, дулааныг тасалсан тохиолдолд зөвхөн тухайн айл бус, бүхэл бүтэн орц, давхар, эсвэл байрны бусад айл өрхөд нөлөөлнө. Иймээс зарим айл өрх ус, дулааны төлбөрөө төлөх сонирхол багатай байдаг бөгөөд төлбөрийн сахилга батыг сайжруулах зорилгоор төлбөрийн өртэй хэрэглэгчдийг зээлийн мэдээллийн санд бүртгэх шийдвэрт хүрсэн гэж албаныхан тайлбарлаж байна.

Шинэчилсэн гэрээний дагуу ус, дулааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй өрхийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэхээр болжээ. Энэ тохиолдолд иргэн төлбөрөө тогтмол, хугацаанд нь төлдөг бол зээлийн оноо болон зээл авах нөхцөл сайжрах бөгөөд зээлийн мэдээллийн санд “сайн түүх”-тэйд тооцогдох юм. Харин төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн бүртгэлд орж, цаашид бусад санхүүгийн үйлчилгээ авахад хүндрэл үүсэх боломжтой байна. Энэхүү зохицуулалтыг зургаадугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Харин иргэдийн зүгээс эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ үед ийм шийдвэр гаргаж, зээлийн мэдээллийн санд бүртгэх нь зохимжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Улаанбаатар хотод нийт 300 гаруй мянган айл өрх нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч байна. Эдгээрээс 167 мянга гаруй айл өрх орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай гэрээ байгуулан ус, дулааны үйлчилгээ авч байна. Уг журам нь зөвхөн орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай гэрээ байгуулсан айл өрхүүдэд үйлчлэх юм. Иймээс иргэн бүр ус, дулааны төлбөрөө хоёр сараас хэтрүүлэхгүй, хугацаанд нь төлснөөр ямар нэгэн хүндрэл үүсэхгүй гэдгийг албаныхан онцолж байна.