2016 онд 26 мянган төгрөгөөр 4 кг мах худалдан авах боломжтой байсан ч өнөөдөр 1 кг ч хүрэхгүй мах авах нөхцөл бүрджээ

УИХ дахь АН-ын бүлгийн акц ерөнхий сайдыг огцруулах бичгээр зогссонгүй. Тус намаас засгийн газрыг огцруулах олон үндэслэл бий гэж үзэж өнөөдөр түүхий мах төрийн ордонд оруулан махны үнийг хөндлөө. Уг акцаар дамжуулан махны үнийн огцом өсөлт, нөөц бүрдүүлэлтийн алдаа иргэдийн амьжиргаанд үзүүлж буй дарамтад засгийн газраас тодорхой арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм байна.

Махны үнийн өсөлт олон нийтийн анхаарлын төвд орж, төр засгийн түвшинд хүртэл хариуцлагын асуудал яригдах хэмжээнд хүрээд байна. Өнөөдөр зах зээлд үхрийн мах 1 кг нь 35-40 мянган төгрөгт хүрч, хонины мах 22-27 мянга, ямааны мах 23 мянган төгрөгийн үнээр худалдаалагдаж байгаа нь өрхийн хүнсний зардалд томоохон дарамт болж байгаа юм. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны 5-р сарын байдлаар махны үнэ өмнөх оны мөн үеэс 46.7 хувиар өссөн бөгөөд үхрийн махны үнэ 54.6 хувь, хонь, ямааны махны үнэ 53.4 хувиар нэмэгджээ. Харин сүүлийн 5 жилийн хугацаанд үхрийн махны үнэ 100 гаруй хувиар өссөн бол бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ дунджаар 50-70 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь арван жилийн өмнө 26 мянган төгрөгөөр 4 килограмм орчим хонины мах худалдан авах боломжтой байсан ч өнөөдөр ижил мөнгөөр 1 килограмм ч хүрэхгүй мах авах нөхцөл үүсээд байгаа юм.

Тэгвэл хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат олон жилийн жишгээр махны үнэ 6-р сарын 15-аас буурна гэж мэдэгдсэн. Тэрээр зуншлага сайн байгаагаас гадна шинэ буюу нойтон мах зах зээлд нийлүүлэгдэж, өдөр бүр 15-16 тонн нөөцийн мах худалдаанд гаргаж байгааг онцолсон. Гэвч малын дунд гарсан шүлхий өвчнөөс шалтгаалан махны үнэ цаашдаа өсөх магадлалтайг зарим эрх баригчид анхааруулж байна.

Махны үнэ өссөөр байгаа энэ үед асуудлын гол шалтгаан нь нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлт, малын өвчин болон зах зээлийн зохицуулалттай холбоотой гэж эрх баригчид тайлбарлаж байна. Харин иргэдийн хувьд гол хүнсний бүтээгдэхүүний үнэ хэзээ бодитоор буурах вэ гэсэн хүлээлт хэвээр байгаа юм.