Автомашины дугаарын хязгаарлалт 9-р сарын 12 хүртэл үргэлжилнэ

Нийслэлд хэрэгжиж буй автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт есдүгээр сарын 12-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ удаад тусгайлсан бүс тогтоогоогүйг тээврийн цагдаагаас хэлж байгаа юм. Тусгайлсан бүс тогтоогүй учир камер болгон дээр торгож байгаад  жолооч нар шүүмжлэлтэй хандаж байна. Харин явган зорчигчид  хотын авто замын түгжрэлийг багасгаж байгаа учир  дээрх шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 

Хичээлийн шинэ жил дөхмөгц автомашины хөдөлгөөн идэвхжиж нийслэл хотод замын тэг зогсолт үүсэх эрсдэл нэмэгддэг. Үүнээс сэргийлэхээр нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу улсын дугаарын түр хязгаарлалтыг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн зохицуулалтын гол онцлог нь тусгайлсан бүсчлэл тогтоогоогүй бөгөөд нийслэлийн хэмжээнд бүх замаар хязгаарлалт үйлчилж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалт зөрчсөн жолооч нарыг уулзвар, зам дагуух хяналтын камераар илрүүлж, бэлэн бусаар мөнгөн торгууль оногдуулж байна. Тиймээс жолооч нарыг хязгаарлалттай өдрөө хөдөлгөөнд оролцохгүй байж, хууль дүрмээ чанд баримтлахыг тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Дээрх шийдвэр нь иргэдийн дунд өөр өөр байр суурийг үүсгээд байна. Тухайлбал автомашинтай иргэдийн хувьд энэхүү зохицуулалт нь амьжиргаанд нь сөргөөр нөлөөлж байгааг хэлэв. Тодруулбал жолооч нар машинаа зөвхөн зорчих хэрэгсэл төдийгүй өрхийн орлогоо нэмэгдүүлэх, хүүхдээ сургууль цэцэрлэгт зөөх зэргээр өдөр тутмын амьдралын чухал хэрэгцээндээ ашигладаг тул цаашид энэ шийдвэрийг дэмжихгүй байгаа аж. Харин автомашингүй иргэдийн хувьд замын ачаалал эрс багасаж, түгжрэл буурсан тул тус шийдвэрийг дагаж мөрдөх, цаашид ч хэвээр үлдээх нь зөв гэсэн байр суурьтай  байгаагаа илэрхийллээ. 

Мөн есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй ба сургууль, цэцэрлэгийн нээлтээс шалтгаалан замын хөдөлгөөн ачаалалтай байх төлөвтэй байгаа тул жолооч та бүхнийг аль болох нийтийн тээврийг сонгох эсвэл хөдөлгөөнөө зөв төлөвлөхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зөвлөж байна.