Өнгөрөгч хавар манай улс сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа аукцион зарлаж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цахилгааны өртгийг бууруулах туршилтыг эхлүүлсэн. Гэвч говийн бүсийн хэрэгцээг хангах 1.7 тэрбум квт.цаг цахилгаан үйлдвэрлэх сонгон шалгаруулалтыг хууль зөрчсөн, системийн найдвартай байдалд эрсдэлтэй гэх шүүмжлэл парламентын түвшинд гараад байна. Харин ЭХЯ-аас уг мэдээллийг няцааж, шалгаруулалт ил тод явагдаж байгаа бөгөөд импортын хамаарлыг бууруулахад шинэ эх үүсвэр яаралтай шаардлагатай гэдгийг анхаарууллаа.
Сэргээгдэх эрчим хүчний аукционыг манай улс энэ онд анх удаа зохион байгуулсан. Энэ нь эрчим хүчний шинэ эх үүсвэрийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлээр шийдэж, компаниудыг үнэ болон нөхцөлөөр нь өрсөлдүүлэх замаар цахилгааны өртгийг бууруулах зорилготой юм. Иймд анхны аукционоор 5 аймагт нийт 220 мвт-ын нарны станц, 135 мвт-аас 440 мвт.цагийн батарей хуримтлуурын төслийг шалгаруулсан. Тэгвэл 600 мвт-ын хүчин чадлыг зарлаагүй. Зөвхөн жилд 1.7 тэрбум квт.цаг цахилгаан үйлдвэрлэхээр зарласан нь хууль зөрчсөн гэж УИХ-ын гишүүн Энхцэцэг үзжээ. Учир нь нар, салхи тогтворгүй учраас Оюутолгой болон говийн бүсийн хэрэглээг найдвартай хангаж чадахгүй бөгөөд БНХАУ-ын эрчим хүчний системээс хамаарах эрсдэл нэмэгдэнэ гэсэн юм.
ЭХЯ говийн бүсэд жилд 1.7 тэрбум квт.цаг цахилгаан үйлдвэрлэх буюу ойролцоогоор 600 мвт-ын нар, салхины цахилгаан станцын аукционыг зохион байгуулсан гэж УИХ-ын гишүүн М.Энхцэцэг үзжээ. Тэгвэл эрчим хүчний сайд уг мэдээллийг эрс няцааж, сонгон шалгаруулалт нээлттэй явагдаж байгаа талаар мэдээллээ. Одоогоор 10 компани оролцох хүсэлт гаргаснаас 5 нь материалаа баталгаажуулсан бөгөөд ил тод өрсөлдөнө.
Мөн ЭХЯ-аас цахилгааны шинэ эх үүсвэр барихгүйгээр эрчим хүчний импортоос хамааралтай хэвээр үлдэх эрсдэлтэй гэж тайлбарлаж байна. Дэлхийн олон оронд эрчим хүчний аукцион нэвтэрснээр нар болон салхины цахилгааны тариф сүүлийн 10 жилд 60-80 хувь хүртэл буурсан гэх судалгаа бий. Тухайлбал Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг оронд нарны цахилгааны тариф 1 квт.цаг нь 1.04-1.35 америк цэнт болж бууран дэлхийн рекорд тогтоож байжээ. Харин манай улсын хувьд Тавантолгойн цахилгаан станцын төсөл 2012 оноос хойш яригдсан ч хэрэгжээгүй тул сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглан төслүүдийг хурдан урагшлуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Түүнчлэн одоогийн зорилго бол хамаарлыг нэмэхээс илүүтэй дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, гаднаас авч байгаа импортын эрчим хүчийг багасгах ёстой байна.
Ийнхүү нэг тал нь 600 мвт-ын сэргээгдэх эх үүсвэрийг нэмэхдээ системийн найдвартай байдал, хараат болох эрсдэлийг тооцох ёстой гэж үзэж байгаа бол нөгөө тал нь шинэ эх үүсвэрийг хурдан бий болгож байж эрчим хүчний импортыг бууруулна гэж тайлбарлаж байна. Гэвч өвлийн улирал хаяанд тулсан энэ үед цахилгаан хязгаарлах эрсдэл байгаа талаар эрчим хүчний салбарынхан анхааруулсаар байгаа юм.