COP17 хурлын үеэр манай улсад 1.4 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын боломж бүрджээ

Өнгөрөгч сард манай улсад зохион байгуулагдсан COP17 хурлын үеэр манай улсад 1.4 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын боломж бүрджээ.

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлын үеэр байгуулсан гэрээ, санамж бичиг, санхүүжилтийн амлалтууд болоод уг бага хурлын үр дүнгийн талаар өнөөдөр БОУАӨЯ-ны сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ.

—COP17 хурлын үр дүнд Европын Хөрөнгө Оруулалтын Банкнаас тогтвортой ойн аж ахуй, газрын нөхөн сэргээлтийн чиглэлд 200 сая евро хүртэлх, Дэлхийн Банкнаас газрын нэгдсэн менежментийн чиглэлд 100 сая ам.долларын хөтөлбөрийг тус тус манай улсад хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн Монголын Ногоон Санхүүгийн Корпораци болон Хаан Банкнаас нийт 50 сая ам.долларын бодит санхүүжилт гаргахаар болжээ. 
—Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүч, ногоон байгууламжийн чиглэлээр 400 сая ам.долларын хамтын ажиллагааны боломж бүрдсэн бол хиймэл оюун ухаан, өгөгдөл хадгалалт, боловсруулалтын дэд бүтцийг хөгжүүлэх 863 мегаваттын хүчин чадалтай ногоон дата төв байгуулах төслийн гэрээг уг бага хурлын үеэр байгуулжээ.
—Уг бага хурлын манай улсын эдийн засагт шууд үзүүлэх бодит үр өгөөж чамлалтгүй байжээ. Анх 6500 орчим гадаадын зочин ирж, аялал жуулчлал, зочид буудал, хоол, тээвэр, худалдаа үйлчилгээний салбарт 120 орчим тэрбум төгрөгийн шууд эргэлт бий болно гэж тооцож байсан бол тооцооллын бодит гүйцэтгэлээр 11 мянга гаруй гадаадын зочин ирж, төлөвлөсөн хэмжээнээс 69 хувиар давсан байна.
—COP17 хурлын үеэр олон улсын гэрээ хэлэлцээрээс гадна манайд 11 мянга гаруй гадаадын зочин ирж, анх тооцож байсан хэмжээнээс 69 хувиар давсан байна. Зөвхөн зочид буудлуудад 14 мянга гаруй ор захиалагдаж, 5.4 тэрбум төгрөгийн шууд орлого бүрджээ.

COP17-ыг зохион байгуулагч орны хувьд манай улс зөвхөн хурлын зохион байгуулалтаар хязгаарлагдаагүй бөгөөд 23 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцээний баг ажиллуулж, хурлаар хэлэлцэн баталсан 34 шийдвэрийн хэлэлцүүлэгт оролцжээ. Түүнчлэн манай улс COP17-оог зохион байгуулахад анх нийт 301 тэрбум төгрөгийн төсөв баталсан ч зардлыг хэмнэж, хэрэгжилтийн явцад төсвийн хэмжээг бууруулсан байна. Салбарын яамны мэдээллээр нийт төсөв 217.1 тэрбум төгрөгт хүрч, 59.5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан. 

Мөн манай улсын санаачилсан “тал хээрийн төлөвлөгөө”-г 196 улс дэмжсэн байна. Тус төлөвлөгөөнд бэлчээрийн тэргүүлэх санаачилга, ус ба газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтцийн гурван чиглэлийг тусгажээ. Дэлхийн нийт газар нутгийн 54 хувийг бэлчээр эзэлдэг учраас бэлчээрийн доройтлыг бууруулах асуудлыг олон улсын бодлогын түвшинд гаргаж тавьсан нь Монгол улсын хувьд COP17-ын гол үр дүнгийн нэг болсон гэж салбарын сайд мэдээллээ. 

8-р сарын 17-28-нд Улаанбаатар хотноо болсон COP17-д 198 улсын 11 мянга гаруй гадаадын зочид, төлөөлөгч, нийтдээ 20 мянга гаруй төлөөлөгч оролцжээ. Үүний зэрэгцээ байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, газрын нөхөн сэргээлт, дижитал дэд бүтцийн чиглэлээр дунд болон урт хугацаанд хэрэгжих 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын боломж бүрдүүлсэн байна.