Сар гаруйн өмнө сайн дурын 300 гаруй залуус нэгдэж, хуучнаар багшийн дээдийн хуучирч, өнгө үзэмжгүй болсон нүхэн гарцыг өөрсдийн цаг зав, хөдөлмөрөө зориулан будаж, янзалж, монголын уламжлал, түүх, соёлыг илэрхийлсэн зургаар чимэн өнгө үзэмж оруулсан. Гэвч нүхэн гарцын дүр төрх эргээд хуучин байдалдаа оржээ. Учир нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нүхэн гарцын явган хүний зорчих хэсгийг бараа бүтээгдэхүүнээр дүүргэж, иргэдийн чөлөөтэй зорчих боломжийг хязгаарлахаас гадна сайн дурын залуусын зурсан зургийг хааж бараа бүтээгдэхүүнээрээ дүүргэжээ.
Бидний хэлж заншсанаар багшийн дээдийн нүхэн гарц ашиглалтад ороод 17 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд урсгал засвар хийгдээгүй учраас хана, тааз нь бүхэлдээ элэгдэлд орсон гэхэд болно. Мөн нүхэн гарцын ханан дээр ёс бус үг хэллэг бичих, энд тэнд нь шүршдэг будгаар сараачих, элдэв зураг зурах зэргээр хаягдал балгас шиг болгосон гэхэд хилсдэхгүй. Аливаа улс орны нийслэлийн өнгө төрх нь гудамж талбай, нүхэн гарцаараа ялгарч, ондоошдог. Тиймээс gen z үеийн залуус нэгдэн багшийн дээдийн нүхэн гарцыг шинэчлэх санаачилга гаргаж, 300 гаруй залуус нэгдэн, гурван сарын хугацаанд өөрсдийн цаг зав, хөрөнгө, хөдөлмөрөө зориулан хуучирч, өнгө үзэмжгүй болсон нүхэн гарцыг будаж, янзалж, монголын уламжлал, түүх, соёлыг илэрхийлсэн зургаар чимэн өнгө үзэмж оруулсан юм. Гэтэл өнөөдөр худалдаа эрхлэгчид энэхүү ажлыг хийхэд ямар нэгэн тус дэм болоогүй атлаа цэвэр цэмцгэр болсон нүхэн гарцад бараагаа дэлгэн зарж, ханан дээр зурсан түүх, дурсгалын зургуудыг үзэж сонирхох боломжгүй болгосонд сайн дурын ажлыг зохион байгуулсан залуус сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.
Нүхэн гарц бол хэн нэгний бараа бүтээгдэхүүнээ дэлгэх хувийн талбай биш. Энэ бол өдөр бүр олон зуун иргэн зорчиж, ашигладаг нийтийн эзэмшлийн талбай. Явган хүний замыг бараагаар хааж, иргэдийг шүргэлцүүлэн зөрүүлж байгаа нь зөвхөн өнгө үзэмжийн асуудал биш, иргэдийн аюулгүй зорчих эрхтэй ч холбоотой. Тиймээс иргэд ч мөн дургүйцлээ илэрхийлж байна.
Нийтийн орчин гэдэг хүн бүрийн хариуцлага, хүн бүрийн оролцоогоор өнгө төрхөө олдог. Нэг хэсэг нь сэтгэл гарган бүтээж, нөгөө хэсэг нь хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийг нь үгүй хийх ёсгүй. Өнөөдөр бидний үлдээж буй орчин маргаашийн хүүхдүүдийн амьдрах орчин учраас хийсэн бүтээснээ хайрлан хамгаалах ухамсар хамгийн чухал гэдгийг залуус онцолж байна. Хотын өнгө төрхийг зөвхөн төр засаг бус, иргэн бүрийн хандлага бий болгодог. Тиймээс сайн санааны эхлэлийг бусдын хариуцлагагүй үйлдлээр үгүй хийх бус, хамтдаа хамгаалж, зөв соёлыг хэвшүүлэхийг уриаллаа.