Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар Украины дайны нөхцөл байдлын талаар нэг цаг гаруй хугацаанд утсаар ярьжээ. Уг яриа “Илэн далангүй, нээлттэй, бүтээлч” уур амьсгалтай болсон бөгөөд Доналд Трамп Украины дайныг яаралтай зогсоохыг В.Путинд уриалсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хэрэв Украины дайныг түргэн дуусгаж чадвал АНУ болон ОХУ-ын харилцааг бүрэн сэргээх гайхалтай өргөн цар хүрээтэй ирээдүй нээгдэнэ гэдгийг онцолсон байна. Тэр дундаа хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь асар их үр ашигтай болохыг Трамп утсаар ярих үеэр дурджээ. Харин Владимир Путин дайныг эцэслэж, энх тайван тогтоохын тулд АНУ-ын засаг захиргааны зүгээс авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнүүдийг санал болгосон гэж Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мэдэгдэв.
Үүнд Украины зэвсгийн тусламжийг бүрэн зогсоох, барууны хориг арга хэмжээг цуцлах, Украины НАТО-д элсэхийг нь хууль эрх зүйн хувьд хориглох, баталгаа гаргах, мөн эзлэгдсэн газар нутгуудыг оросын мэдэлд өгөх, статусыг зөвшөөрөх зэрэг асуудлууд багтжээ.
Тэгвэл Доналд Трамп өөрийн элч нар болох Жаред Кушнер, Стив Виткофф нарын Москва, Киевт хийсэн айлчлалын үр дүнг эергээр үнэлж, цаашид тэдний боловсруулсан энхийн хэлэлцээний саналыг үндэслэн ажиллахаа илэрхийлсэн байна.
Тэрээр Путины байр суурь, дүн шинжилгээ, шаардлагыг сонссоны эцэст дараагийн алхам болгож Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй утсаар ярьж, мөн байр суурийг нь сонсохоор тохиролцсон байна. Украины ерөнхийлөгч АНУ-ын засаг захиргааны энхийн хүчин чармайлтыг үнэлж байгаа бөгөөд Д.Трамптай ирэх хоёр долоо хоногийн хугацаанд багтан уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.