Их Британи улс Иордан голын баруун эрэг дагуух Еврейчүүдийн хууль бус суурин газруудад үйлдвэрлэсэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүний импортод хориг тавих түүхэн шийдвэр гаргалаа. Бүс нутаг дахь Израилчуудын хууль бус тэлэлт эрчимжиж, радикал үзэлтэй оршин суурьшигчид Палестины иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгааг Израилын засгийн газар хараагүй мэт өнгөрөөж байна гэж Их Британийн гадаад хэргийн сайд Эд Милибанд шүүмжилжээ.
Олон улсын хуулиар бол Иордан голын баруун эрэг нь Палестинчуудын газар нутаг юм. Гэвч олон мянган Израилчууд тус бүс нутагт хууль бусаар суурьшиж, шинэ хот тосгон байгуулан, Палестины уугуул иргэдийг өсөж төрсөн газраас нь хүчээр шахан гаргасаар байгаа юм. Тэгвэл Иерусалимын зүүн талд, Иордан голын баруун эргийн төв хэсэгт байрлах “E1” хэмээх суурьшлын бүсэд Израилчууд нэвтэрч, байшин барилга барьж эхэлсэн нь сүүлийн үед хамгийн ихээр маргаан дагуулж буй асуудал болоод байна. Хэрэв уг бүс нутагт Израилчуудын суурин газрууд байгуулагдвал Палестины газар нутгийн баруун эргийн хойд болон өмнөд хэсгийн холбоос тасарч, байдал хэцүү болно гэж ажиглагчид үзэв.
Мягмар гарагт Их Британийн гадаад хэргийн сайд баруун эрэг дагуух Израилын тэлэлтийг "Үндэстнийг цэвэрлэх ажиллагаа" гэж маш хатуу шүүмжилсэн бөгөөд энэ хууль бус үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа бизнесийг зогсоохын тулд эдийн засгийн хориг арга хэмжээ авч буйг мэдэгдлээ.
Уг хоригт Франц, Канад зэрэг Европын 9 улс нэгдээд байна. Уг хориг нь зөвхөн баруун эргийн "Хууль бус суурин газруудад" үйлдвэрлэж байгаа хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд хамаатай бөгөөд Израилаас ирж буй албан ёсны худалдааг бүхэлд нь бойкотлоогүй гэдгийг Их Британийн тал тодотгосон байна. Үүний хариуд Израилын гадаад хэргийн сайд Гидеон Саар Их Британийн мэдэгдлийг гүтгэлэг хэмээн мэдэгдээд газар дээр нь ирж нөхцөл байдалтай танилцахыг уриалжээ. Үүгээр зогсохгүй мөн Иерусалим дахь Британийн консулын газрыг хаана гэж сүрдүүлсэн байна.