Монгол улсаар дамжуулан тавих “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төсөл ОХУ, БНХАУ-ын үнийн маргааны улмаас мухардалд оржээ

ОХУ болон БНХАУ-ын хооронд Монгол улсаар дамжуулан тавихаар төлөвлөж буй “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн хэлэлцээ үнийн маргааны улмаас дахин мухардалд орсон байна. Өнгөрсөн 8-р сарын сүүлээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Сибирийн хүч-2 төслийн хэтийн төлвийн талаар хэлэлцсэн болов ч ямар нэгэн ахиц дэвшил гараагүй байна.

БНХАУ-ын засгийн газар ОХУ-ын дотоодын татаастай үнэ буюу 1,000 шоо метр байгалийн хийг 50 ам.доллар орчимтой тэнцэх үнээр худалдаж авах хүсэлтэй байна. Хэрэв тийм биш бол үнийн дээд тарифыг ядаж Оросын дотоодын аж үйлдвэрийн үнэ болох 120–130 ам.доллароос хэтрүүлэхгүй байх хатуу байр суурьтай байгааг эх сурвалжууд хэлж байна. Тэгвэл Хятадын тавьж байгаа үнийн санал нь Оросын олон улсын бусад худалдан авагчдад нийлүүлдэг тарифаас даруй 8 дахин хямд үзүүлэлт аж.

Харин ОХУ-ын төрийн өмчит "Газпром" компани эрчим хүчний дэд бүтцийг барьж байгуулахын тулд асар өндөр зардал гаргах учраас хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд байгалийн хийгээ зах зээлийн ханшаар борлуулахыг хүсэж байна. Мөн Европын зах зээлээ алдсан Оросын хувьд энэ төсөл санхүүгийн хувьд амин чухал боловч хэт хямд үнээр нийлүүлэх нь ашиггүй тусаж байгаа юм. Үүнээс гадна Хятадын тал Сибирийн хүч-2 хоолойгоор эхний ээлжид ердөө 10 тэрбум шоо метр байгалийн хий худалдаж авах сонирхолтой байгаа бол энэхүү эрчим хүчний дэд бүтэц нь жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтайгаар загварчлагдсан байна. Өдгөө Хятад улс “Сибирийн хүч-1" хоолойгоор 1000 шоо метр байгалийн хийг 258 ам.доллароор худалдан авч байгаа төдийгүй Украины дайн эхлэхээс өмнө Орос улс 1000 шоо метр байгалийн хийг 420 доллароор Европчуудад борлуулж байсан юм. 

Нөгөөтээгүүр Хятад улс Европын холбооны гаргасан алдааг давтахыг хүсэхгүй байгаа бөгөөд эрчим хүчний хувьд нэг улсаас хэт хараат байлгахаас зайлсхийж байна. Бээжин Туркменистан болон Мьянмараас хоолойгоор хий авдаг, мөн АНУ болон Катараас шингэрүүлсэн байгалийн хий худалдан авч, эх үүсвэрээ олон төрөлд хувааж, солонгоруулж байна. Европын зах зээлээ алдсан Оросын хувьд Хятад улс нь цорын ганц стратегийн худалдан авагч болж үлдсэн. Нөгөө талаас ОХУ-аас Энэтхэг, Бразил зэрэг холын зах зээл рүү хийн дэд бүтэц татах, тээвэрлэх зардал нь асар өндөр өртөгтэй тул Бээжингийн тал хэлэлцээрийн ширээний ард давуу байдлаа ашиглан цаг хожих тактик баримталж байна гэж шинжээчид үзэж байна.