Сербийн ерөнхийлөгч А.Вучич парламентаа тарааж, ээлжит бус сонгууль зарлав 

Лхагва гарагт Серби улсын ерөнхийлөгч Александр Вучич парламентаа тарааж, ирэх 10-р сард ээлжит бус бүх нийтийн сонгууль явуулах зарлигт гарын үсэг зурсан байна. Энэ шийдвэр нь удаан хугацаанд бугшсан Сербийн улс төрийн мухардал болон ард иргэдийн эсэргүүцлийг намжаах гэсэн эрх баригчдын эцсийн сонголт гэж мэдээллээ. 

Өнгөрсөн 2024 оны 11-р сарын 1-нд Сербийн хоёр дахь том хот болох Нови Сад хотын төмөр замын вокзалын бетонон саравч нурсны улмаас 16 хүн амиа алдсан юм. Гэвч уг аймшигтай осол гарахаас хэдхэн хоногийн өмнө төмөр замын өртөөний дээврийн засвар, шинэчлэлийн ажил дуусаж, дарга нар тууз хайчилж, үүнийг телевизээр шууд дамжуулсан байна. Харин Сербийн иргэд "Засгийн газрын дээд түвшний авилга, албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлаас болж чанаргүй засвар хийгдсэн” гэж буруутгасан юм. Улмаар олон нийт осол гарснаас хойш бараг хоёр жилийн турш "Авилга хүний аминд хүрлээ" гэсэн уриатай тус улсын түүхэн дэх хамгийн том жагсаалыг зохион байгуулж, эрх баригчдаасаа хариуцлага нэхсэн юм. 

Уг хариуцлага нэхэх хөдөлгөөний гол цөм нь оюутнууд байсан юм. Оюутнууд маш зохион байгуулалттайгаар жагсаал зохион байгуулж, өдөр бүр вокзалын дээвэр нурсан цагт цуглаж, эсэргүүцлээ илэрхийлж, парламентыг тарааж ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байсан юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Сербийн ерөнхийлөгч Александр Вучичийн засгийн эрх баригч жагсаалыг хүч хэрэглэн тараахыг завдаж, оюутнуудыг гадаадын тагнуулын байгууллагын санхүүжилттэй гэж гүтгэж хүртэл үзсэн юм. Гэвч жагсаал намжихгүй, эдийн засагт нь нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул  Вучич  "улс төрийн нүүдэл" хийж, парламентаа тарааж байна.