Манай улсад замын хөдөлгөөний 57 төрлийн зөрчилд хуулиар хариуцлага ногдуулж, торгууль боддог

Нийслэлд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуультай холбоотой гомдол иргэдийн дунд тасрахгүй, шүүмжлэл дагуулдаг. Тэр дундаа хөдөлгөөнд оролцоогүй байхад үндэслэлгүй торгууль ирсэн, эсвэл буруу оногдуулсан торгуулийг цуцлуулах хүсэлтийн шийдвэрлэлт удаан байгааг жолооч нар хэлж байгаа юм. Тэгвэл замын хөдөлгөөний зохицуулалт, торгуультай холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.

—Манай улсад замын хөдөлгөөний 57 төрлийн зөрчилд хуулиар хариуцлага тооцохоор зохицуулсан байна. Зөвхөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зөрчлөөс л гэхэд 2025 онд 55 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 46.2 тэрбум төгрөгийн торгуулийн орлого бүрджээ.
— Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийн орлогыг төсвийн тухай хууль болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу зөвхөн орон нутгийн төсөвт төвлөрүүлж, 3 үндсэн чиглэлд хуульчилж зарцуулдаг байна.
—Хуулийн дагуу замын торгуулийн нийт орлогын 40 хүртэлх хувийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх орон нутгийн зөвлөлд хуваарилж, зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулдаг байна. Үүнд шинээр хурд хэмжигч, ухаалаг хяналтын камерууд суурилуулах авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, гэрлэн дохио тавих сургууль, цэцэрлэг орчмын гарцыг аюулгүй болгох, гэрэлтүүлэг нэмэхэд зарцуулдаг байна.
—Харин 15-20 хувийг зөрчил илрүүлж буй цахим дэд бүтцийг тасралтгүй ажиллуулахад хуваарилдаг бол үлдсэн 40-45 хувь нь тухайн аймаг, нийслэлийн орон нутгийн төсвийн ерөнхий санд нэгдэн ордог байна. Уг мөнгийг замын нүхэн засвар, тэгшилгээ, тэмдэглэгээний урсгал зардлыг санхүүжүүлэх  тухайн дүүрэг, аймгийн хот тохижилт, ногоон байгууламж болон бусад нийгмийн шинж чанартай урсгал зардлыг нөхөхөд хуваарилдаг байна.

Манай улсад замын хөдөлгөөний дүрмийн 57 төрлийн зөрчилд хуулиар хариуцлага тооцохоор зохицуулсан байна. Өнөөдрийн байдлаар жолоочид нэгдүгээр эгнээгээр зорчих, эгнээ байр буруу эзлэх, тээврийн хэрэгслийг зориулалтын бус газар байрлуулах зэрэг зөрчлүүдийг түгээмэл гаргадаг байна. Мөн тэгш, сондгой дугаараар зорчих хязгаарлалтаас шалтгаалан захын дүүргүүдээр зорчиж байхдаа торгууль ногдуулсан тохиолдол гардаг байна. Нөгөөтээгүүр, зарим жолооч тээврийн хэрэгслээрээ хөдөлгөөнд оролцоогүй байхад үндэслэлгүйгээр торгууль оногдуулдаг явдалд шүүмжлэлтэй хандаж байна. Тэд андуурагдсан торгуулийн мэдээллийг холбогдох албан тушаалтанд хүргүүлж, алдааг засварлах хүсэлт гаргадаг ч шийдвэрлэлтийн шат дамжлага удаашралтай байдагт бухимдалтай байна. 

Харин тухайн асуудалд мэргэжилтнүүдийн зүгээс илрүүлсэн зөрчлийг нягталж, шалгасны дараа жолоочид мэдээлэл хүрдэг бөгөөд зарим тохиолдолд торгууль нь 1–3 хоногийн дараа бүртгэгдэн очдог байна. Үүнээс шалтгаалан жолооч нар тухайн торгуулийг хөдөлгөөнд оролцоогүй үед нь үндэслэлгүйгээр ногдуулсан гэж андуурах тохиолдол гардаг гэдгийг хэлж байна.

Мөн зарим жолооч хуурамч улсын дугаар зүүх, ижил дугаар хэвлэн ашиглаж замын хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчил гаргадаг бөгөөд үүнтэй холбоотойгоор торгууль ногдуулдаг байна. Торгууль бүрийн ард хяналт тавьж, мэдээллийг баталгаажуулдаг цагдаагийн алба хаагч ажилладаг байна. Иймд жолооч өөрийн буруу биш гэж үзэж байгаа тохиолдолд замын хөдөлгөөний удирдлагын төвд хандан тухайн торгуулийг шалгуулж, шийдвэрлүүлэх боломжтой байна.