Инфляцын түвшин 8-р сарын байдлаар 12.5 хувьд хүрч, үнийн хөөрөгдөл тэнгэрт хадсан энэ байдал үргэлжилбэл оны эцэст 18 хувьд хүрэх эрсдэлтэй гэж Монголын банкны холбоо тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн үнийн өсөлт цаашид энэ хэмжээгээр үргэлжилж, шатахууны нийлүүлэлт болон төсвийн зардалтай холбоотой эрсдэлүүд ихэсвэл иргэдийн өдөр тутмын хэрэглээнд үнийн дарамт улам нэмэгдэх нөхцөл үүсээд байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8-р сард өмнөх оны мөн үеэс 12.5 хувь, өмнөх сараас 1.1 хувиар өсөөд байна. Энэ үед иргэдийн өдөр тутмын хэрэглээнд үнийн дарамт хэр нэмэгдэж байгааг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнээс харж болно. Тухайлбал, 1-р зэргийн гурилын үнэ оны эхэнд килограмм нь 2 мянга 508 төгрөг байсан бол 8-р сарын дундаж үнэ 2 мянга 522 төгрөгт хүрч, 14 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин 8-р сарын байдлаар үхрийн цул махны үнэ 36 мянга 521 төгрөгт хүрчээ. Эндээс цааш инфляц 18 хувьд хүрвэл одоо 2,522 төгрөгийн үнэтэй гурил 18 хувийн өсөлтөөр 2,976 төгрөг, 36,521 төгрөгийн үнэтэй үхрийн цул мах 43,095 төгрөг болох тооцоо гарч байна. Хэрэв инфляц сөрөг нөхцөлүүдийн нөлөөгөөр 18.6 хувьд хүрвэл дээрх тооцоогоор гурилын үнэ ойролцоогоор 2,991 төгрөг, үхрийн цул мах 43,314 төгрөгт хүрэхээр байна. Гэхдээ энэ нь гурил, махны үнэ заавал ийм хэмжээнд хүрнэ гэсэн прогноз биш. Инфляцын 18 хувь гэдэг нь хэрэглээний сагсанд багтдаг нийт бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшний өсөлтийг илэрхийлдэг. Харин шатахууны нийлүүлэлт, төсвийн зарцуулалт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж зарим барааны үнэ дунджаас илүү, зарим нь бага өсөх боломжтой.
Монголын банкны холбооны мэдээллээр инфляцын дарамтыг нэмэгдүүлэх гол эрсдэлийн нэг нь шатахууны нийлүүлэлт байна. Шатахууны үнэ, нийлүүлэлтэд гарсан өөрчлөлт нь зөвхөн автомашины зардалд бус, тээвэр, хүргэлт, үйлдвэрлэл, худалдааны зардлаар дамжин бусад бараа, үйлчилгээний үнэд нөлөөлөх боломжтой юм. Мөн 2027 онд төсвийн зардлыг 28 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь инфляцыг дахин хөөрөгдөх эрсдэлтэй гэж үзжээ. Төсвийн тодотголын нөлөөг тооцохгүйгээр оны эцэст инфляц 18 хувьд хүрэх тооцоо гарсан бол шатахууны нийлүүлэлт доголдох зэрэг сөрөг нөхцөлүүд давхацсан тохиолдолд 18.6 хувьд хүрэх эрсдэлтэй гэж Монголын банкны холбоо тооцжээ.
Харин Сангийн сайд З.Мэндсайхан төсвийн тодотголын зардлыг шинээр нэмэгдүүлэхээс илүүтэйгээр өмнө нь шийдвэрлэсэн цалин, тэтгэвэр зэрэг зардлыг санхүүжүүлэх, иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байна.
Тиймээс инфляц 18 хувьд хүрэх эсэх нь зөвхөн нэг сарын үнийн өсөлтөөс бус, шатахууны нийлүүлэлт, төсвийн зарцуулалт болон цаашдын үнийн хөдөлгөөнөөс шалтгаална. Харин одоогийн 12.5 хувийн инфляц нь өрхийн орлого нэмэгдэхгүй нөхцөлд ижил хэмжээний хэрэглээнд өмнөхөөс илүү мөнгө зарцуулах дарамтыг аль хэдийн бий болгожээ.