Монгол улс, БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд хаягийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог шинэчлэх төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр болжээ. Уг төсөл хэрэгжсэнээр манай улсын хаягийг нэг стандартад оруулж, байршлыг илүү нарийвчлалтай тодорхойлон, түргэн тусламж, онцгой байдал, шуудан хүргэлт, тээвэр болон төрийн үйлчилгээний байршилд суурилсан үйл ажиллагааг шуурхай хүргэх нөхцөл бүрдэх юм. Уг төсөл нь 8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжих бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрийн хаягжилтыг олон улсын жишигт нийцүүлэн нэгдсэн нэг стандартад оруулах суурь зорилготой юм.
Өнөөдрийг хүртэл манай улсын хаягжилтын систем нь газрын нэгж талбар, хашааны дугаарлалтад түшиглэж ирсэн бөгөөд энэ нь задгай газар, гэр хороолол, шинээр баригдаж буй хотхонуудын байршлыг нарийн тогтооход хүндрэл үүсгэдэг байв. Тэгвэл энэхүү шинэчлэлийн хүрээнд хамгийн дэвшилтэт технологи болох нутаг дэвсгэрийг 10х10 метрийн хэмжээтэй тор бүхий сүлжээнд хуваах шийдлийг нэвтрүүлж байна. Монгол улсын хаана ч тухайн 10 метрийн тор бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй дугаар буюу кодтой болно. Ингэснээр ямар нэгэн барилга байгууламж, гудамжны нэр байхгүй задгай бүсэд ч иргэний байгаа байршлыг хэдхэн метрийн зөрүүгүйгээр, маш өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох технологийн боломж бүрдэж байгаа юм.
Манай улсад хаягийн мэдээллийн нэгдсэн системийг 21 аймгийн 330 суманд нэвтрүүлсэн. Улсын хэмжээнд 37 мянга 401 гудамж, 222 мянга 195 зам, 258 мянга 650 газар, усны нэр, 628 мянга 436 орц, гарцын мэдээллийг системд бүртгэжээ. Мөн 202 мянга 159 барилга, 767 мянга 519 нэгж талбарт хаяг олгосон байна. Шинэ төслийн хүрээнд эдгээр өгөгдлийг олон улсын жишигт нийцүүлэн цэгцэлж, БНСУ-ын туршлага дээр суурилсан хаягийн мэдээллийн удирдлагын дэвшилтэт системд шилжүүлэх юм. Уг ажлыг улсын хэмжээнд эрчтэй зохион байгуулахын тулд УИХ-д холбогдох хуулийн төслийг танилцуулж, ерөнхий сайдын захирамжаар тусгайлсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Цаашид хаягийн мэдээллийг үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэл, газар болон хот байгуулалтын мэдээлэлтэй уялдуулснаар нэг хаягийг олон төрлийн үйлчилгээнд ашиглах нөхцөл бүрдэхээс гадна иргэдийн үйлчилгээ авахад гардаг байршилтай холбоотой хүндрэл, зөрүүг бууруулах ач холбогдолтой юм.