Ашигт малтмалын хууль бус олборлолт Монгол Улсад байгаль орчин төдийгүй эдийн засагт давхар хохирол учруулж буй асуудлын нэг хэвээр байна. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох, зөвшөөрөлтэй талбайн хэмжээг хэтрүүлэх, олборлолтын явцад тавигдах байгаль орчны шаардлагыг зөрчих зэрэг үйлдэл нь газрын хэвлий болон байгалийн нөөцийг зохисгүй ашиглах нөхцөл болж байна.
Хуульд заасан зөвшөөрөл, шаардлагыг бүрэн хангалгүйгээр олборлолт явуулсан тохиолдолд тухайн үйл ажиллагаанаас олсон орлогоос гадна байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох асуудал үүсдэг. Өөрөөр хэлбэл, хууль бус олборлолтын улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой орлого тасалдахаас гадна эвдэрсэн газар, бохирдсон ус, сүйдсэн бэлчээрийг нөхөн сэргээхэд дахин зардал шаардагддаг байна.
Олборлолтын үйл ажиллагаа явагдсан талбайд хөрсний өнгөн үеийг хуулж, хүнд даацын техникээр газар сэндийлэх нь тухайн газрын байгалийн хэв шинжийг алдагдуулдаг. Ялангуяа усны эх, гол горхи, булаг шандын ойролцоо олборлолт явуулсан тохиолдолд усны чанар, нөөцөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Мөн олборлолтын дараа ухсан нүх, овоолсон шороо болон эвдэрсэн газраа нөхөн сэргээхгүй орхих нь малчид, иргэдийн өдөр тутмын амьдралд шууд эрсдэл дагуулдаг.
Нөгөө талд хууль бус олборлолт нь шударгаар зөвшөөрөл авч, татвар хураамжаа төлөн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ч сөргөөр нөлөөлдөг. Хуулийн шаардлага мөрддөггүй этгээдүүд олборлолтын зардлаа бууруулж, зах зээлд давуу байдал бий болгох боломжтой. Ингэснээр хууль ёсны үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудтай шударга бусаар өрсөлдөх нөхцөл үүсдэг байна.
Тиймээс хууль бус олборлолттой тэмцэхдээ зөвхөн техник хэрэгслийг нь зогсоох бус, олборлосон ашигт малтмалын гарал үүсэл, тээвэрлэлт, борлуулалт, санхүүгийн урсгалыг давхар хянах шаардлагатай. Мөн олборлолтын улмаас эвдэрсэн газрыг хэн хариуцан нөхөн сэргээх, байгаль орчинд учирсан хохирлыг хэрхэн барагдуулах асуудлыг тодорхой болгох нь чухал юм.
Иргэдийн хувьд зөвшөөрөлгүй олборлолт явагдаж байгаа талаар мэдээлэх нь байгаль орчны зөрчлийг эрт илрүүлэхэд чухал үүрэгтэй. Харин холбогдох байгууллагуудын хувьд иргэдийн мэдээллийг шалгаж, зөрчлийг баримтаар тогтоон, хуульд заасан хариуцлагыг хэрэгжүүлэхээс гадна тухайн талбайн нөхөн сэргээлтийг бодитоор хийлгэх шаардлагатай байна.
Өнөөдрийн байдлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүргийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлын хэсгийг байгуулан улсын хэмжээнд хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг шалгах, илрүүлэх, таслан зогсоох, тэмцэх ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.Хяналт шалгалтыг
Ашигт малтмал бол нөхөн сэргээгдэхгүй баялаг. Тиймээс өнөөдөр хууль бусаар олборлосон нэг тонн баялаг нь зөвхөн тухайн үеийн ашиг орлогоор хэмжигдэхгүй бөгөөд байгаль орчин, улсын төсөв, орон нутгийн иргэдэд ямар хэмжээний хохирол үлдээсэн бэ гэдгээрээ асуудал дагуулдаг. Иймээс хууль бус олборлолтыг илрүүлэхээс гадна учирсан хохирлыг нөхөн төлүүлж, эвдэрсэн газрыг сэргээх, дахин зөрчил гаргахгүй байх тогтолцоог бүрдүүлэх шаардлага хэвээр байна.