Мөнгөний бодлогын хороо 9-р сарын 17-нд мэдээлэл хийж Монголбанкны мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа танилцууллаа. Инфляцын түвшин өндөр энэ үед бодлогын хүүг бууруулах боломж хязгаарлагдмал, харин өнөөгийн хүүг дахин нэмж чангаруулбал эдийн засгийн идэвхжил, мөнгөний эргэлт саарах эрсдэлтэй гэж үзжээ. Иймээс инфляцын дарамт болон эдийн засгийн идэвхжилд үзүүлэх нөлөөллийг харгалзан бодлогын хүүг одоогийн түвшинд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өнгөрсөн сард улсын инфляц 12.5 хувь, нийслэлд 11.6 хувьтай байгаа ч эдийн засгийн идэвхжил суларч, өрхийн хэрэглээ буурсан нөхцөлд бодлогын хүүг дахин нэмэх нь эрсдэлтэй гэж Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос үзжээ. Иймд мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Эдийн засаг эхний хагас жилд 7.7 хувиар өссөн ч энэ өсөлтийн гол хэсгийг уул уурхай, тээврийн салбар бүрдүүлсэн байна. Харин худалдааны салбар улирал дараалан агшиж, өрхийн хэрэглээ хоёрдугаар улиралд 4.4 хувиар буурсан нь дотоодын эрэлтийн дарамтыг харуулж байна гэж салбарынхан дүгнэж байна. Гэвч нөгөө талд шатахуун, эрчим хүчний үнэ, цалин болон төсвийн зардлын өсөлт цаашид инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй бөгөөд 2026 оны төсвийн тодотгол батлагдвал инфляц 0.7 нэгж хувиар нэмэгдэх тооцооллыг гаргасан.
Харин Монголбанкнаас ирэх онд улсын инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах зорилт тавьж байна.