МАН-ын удирдах зөвлөл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад 100 хувийн саналаар дэмжлээ

МАН-ын удирдах зөвлөл 9-р сарын 17-нд хуралдаж, хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр буюу 9-р сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүн С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөлсөн бөгөөд түүний оронд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нарыг томилох хувилбар яригдаж байсан юм. Тэгвэл МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнг хууль зүй, дотоод хэргийн сайдад 100 хувийн саналаар дэмжсэн байна. 

Ерөнхий сайд Н.Учрал 9-р сарын 16-нд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан болон тус яамны харьяа байгууллагын зарим удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр төрийн тусгай чиг үүрэг бүхий, улсын дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоох хүртэл холбогдох удирдлагуудтай засгийн газар хамтран ажиллах боломжгүй болсон гэж тайлбарласан. Үүний дараа ХЗДХ-ийн сайдын оронд хэнийг томилох вэ гэсэн асуудал яригдаж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн болон ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нарын нэр яригдаж байсан юм. Харин МАН-ын удирдах зөвлөлийн 9-р сарын 17-ны хуралдаанаар хууль зүй, дотоод хэргийн сайдад Г.Тэмүүлэнг 100 хувийн саналаар дэмжихээр эцэслэн шийджээ.

Түүнчлэн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга УИХ дахь МАН-ын бүлгийн хуваагдал байхгүй гэдгийг хэлсэн ч засгийн газрын асуудлаар байр суурийн зөрүүтэй, ажлаа өгсөндөө гоморхсон болон улс төрчид хоорондын харилцаатай холбоотой байр суурь илэрхийлж буй 10 гаруй гишүүн байгааг дурдлаа. 

Одоогоор тодорхой нэр бүхий гишүүдийг шууд намаас хөөх шийдвэр гаргаагүй бөгөөд байр суурийн зөрүүтэй гишүүдтэй намын удирдлага, хяналтын байгууллага уулзаж, тайлбар авч, ойлголцох чиглэлээр МАН ажиллаж байгаа аж.