Хөдөлмөр эрхэлж буй 1.4 сая иргэнд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ердөө 200 хүрэхгүй мэргэжилтэн байна

Манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч бодит хэрэгжилт хангалтгүй хэвээр байна. Өнөөгийн байдлаар хөдөлмөрийн насны 1.4 сая гаруй иргэн хөдөлмөр эрхэлдэг ч хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж буй боловсон хүчний тоо 200 хүрэхгүй байна. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн осол болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх , аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэх чиглэлээр хүний нөөц, хяналт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байгааг илтгэж байна.

Өнгөрсөн жилийн хугацаанд үйлдвэрлэлийн ослын 746, мэргэжлээс шалтгаалсан өвчний 2046 тохиолдол бүртгэгдсэн байна. Үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлд анхаарах шаардлагатай байгааг харуулж байна. 2025 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн 746 хүн бүртгэгдсэн хэдий ч үүнээс гадна бүртгэлд хамрагдаагүй 800 гаруй осол байх магадлалтай байна. Харин 9-р сарын 17-нд Ази, номхон далайн бүсийн хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд нэг дор чуулж, ажлын байрны эрсдэл, хортой хүчин зүйлийн өртөлтийг бууруулах, ажилтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр олон улсын мэдлэг, туршлага, шинэ технологийг харилцан солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Үйлдвэрлэлийн осол, ажлаас шалтгаалсан өвчлөлийг бууруулах чухал алхам нь ажил олгогч, ажилтны хамтын оролцоо, хариуцлага. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг байгууллага бүрд төлөвшүүлэх, эрсдэлийн үнэлгээг тогтмол хийх, ажилтнуудад сургалт, мэдээллийг байнга хүргэх нь осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Харин манай улсад хууль эрхзүй орчин нь байгаа ч хэрэгжилт хангалтгүй байна гэж гаднын орны төлөөлөгчид онцолж байна.

Дээрх хурал нь хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарын судалгаа, практикийг уялдуулах, Монгол улсын ажлын байрны эрүүл ахуйн тогтолцоог олон улсын чиг хандлагатай нийцүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах шинэ арга, технологийг нэвтрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой болохын зохион байгуулагчид онцоллоо.