Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сан Ираны дайнаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлт, инфляцын дарамтыг зөөлрүүлэхийн тулд суурь бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөлөө. Ийнхүү АНУ-ын мөнгөний бодлогын хүү 3.75 хувиас 4 хувийн интервалд хүрч байна.
АНУ-ын Төв банк сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа мөнгөний бодлогын хүүгээ өсгөж байгаа нь энэ болж байна. Тус улсын ерөнхийлөгч Доналд Трамп эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд зээлийн хүүгээ бууруулахыг удаа дараа шаардаж, суурь хүү 1 хувь буюу үүнээс бага байх ёстой хэмээн шахалт үзүүлж байсан юм. Тэгвэл цагаан ордны тэргүүн Доналд Трампын өөрийнх нь сонголт, Холбооны нөөцийн сангийн шинэ тэргүүн Кэвин Уорш Засгийн газрын шахалтыг үл харгалзан, Ираны дайнаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлтийг дагасан инфляцыг хазаарлахын тулд мөнгөний бодлогын хүүг өсгөх саналыг дэмжлээ. Лхагва гарагт Кевин Уорш "Инфляц хэтэрхий урт хугацаанд, дэндүү өндөр түвшинд байлаа. Бид үнийн тогтвортой байдлыг эргүүлэн авчрах хариуцлагатай шийдвэр гаргах ёстой" хэмээн мэдэгдэв.
Тэгвэл Холбооны нөөцийн сангийн албан тушаалтнуудын улирал тутмын төсөөллөөр энэ оны сүүлээр дахин нэг удаа зээлийн хүүг өсгөн нэмэгдүүлэх хүлээлт үүсээд байна. Харин оны сүүлээр дахин нэг удаа хүүг өсгөснийхөө дараа АНУ-ын Төв банкны бодлого боловсруулагчид ирэх 2027 оныг дуустал зээлийн хүүг өөрчлөхгүй хэвээр хадгална гэж үзэж байна. Өнгөрсөн 8-р сард АНУ-ын хэрэглээний үнэ 0.4 хувиар өсөж, жилийн инфляц 3.4 хувьд хүрсэн нь холбооны нөөцийн санг зээлийн хүүгээ өсгөхөд нөлөөлсөн юм. Трампын импортын татвар, цагаан ордны хиймэл оюун ухааны салбарт оруулсан үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт болон ойрх дорнодын мөргөлдөөний улмаас өссөн газрын тосны үнэ нэгдсэн улсын эдийн засагт дарамт учруулж байна. Өдгөө дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ 109 ам.долларт хүрч Украины дайнаас хойших дээд цэгтээ ойртсон бол АНУ-д нэг галлон дизель түлшний өртөг 6 ам.долларыг давж сүүлийн гурван жилийн оргил үзүүлэлтдээ хүрчээ.