Европын орнууд ОХУ руу халдан довтлох юм бол дайн огт өөр түвшинд өрнөж, маш богино хугацаанд дуусна гэдгийг Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров хатуу анхаарууллаа. Мөн тэрээр барууны орнууд Украин улсад цэргээ оруулбал үүнийг оросын эсрэг шууд дайн зарласанд тооцохыг сануулжээ.
Түүнчлэн Сергей Лавров Орос улс Европын орнууд руу түрүүлж халдах ямар ч төлөвлөгөө, сонирхол байхгүй гэж ерөнхийлөгч Владимир Путины байр суурийг бататгасан тайлбар өгсөн байна. Тэрээр "Бид барууны орнууд руу дайрахгүй гэдгээ олон удаа хэлсэн, бидэнд ийм шаардлага байхгүй. Ерөнхийлөгч Путин ч үүнийг хэд хэдэн удаа тодорхой мэдэгдсэн" хэмээжээ.
Европын холбоо болон НАТО-ын гишүүд ОХУ-ын аюул заналхийллээс сэргийлж, дайнд бэлтгэх тухай өдөр бүр ярих болсонд Москва ийнхүү хатуу хариулт өгч байна. Хэрэв Европын зүгээс орос руу дайрах яриа нь бодит ажил хэрэг болбол энэ нь яг одоогийнх шиг 'Цэргийн тусгай ажиллагаа'-ны хэмжээнд байхгүй, харин бүх боломжит зэвсэг хэрэгслийг ашигласан бүрэн хэмжээний хариу цохилт байх болно гэдгийг Сергей Лавров хатуухан мэдэгдлээ. Үүнээс гадна, хэрэв барууны орнууд өөрсдийн албан ёсны цэргийн бие бүрэлдэхүүнээ Украины газар нутагт байршуулж эхэлбэл, ОХУ үүнийг өөрийн улсад шууд дайн зарласан хэрэг гэж үзнэ гэдгийг Сергей Лавров онцлон тэмдэглэсэн байна.
Сүүлийн үед оросын байлдааны хөлөг онгоц балтын тэнгист Данийн цэргийн нисдэг тэрэг рүү гал нээсэн, мөн Литвад оросын дрон унасан, Польш-Украины хил дээр олон улсын дипломатууд сууж явсан галт тэрэгний дроны ойролцоо цохилт өгсөн зэрэг хэд хэдэн ноцтой халдлагууд шил шилээ даран гарлаа. Мөн Герман, Польшид зэвсгийн агуулах дэлбэлэх, хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг завдсан тохиолдлууд илэрсэн. Харин өрнөдийнхөн эдгээр халдлагын ард ОХУ байгаа гэдэгт бат итгэлтэй байгаа бөгөөд тэд болзошгүй дайнд бэлтгэж эхлээд байна.