Украины армийн ээлж дараалсан дроны цохилтын улмаас ОХУ-ын томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдож, улмаар хэд хэдэн бүс нутагт шатахуун, дизель түлшний хомсдол нүүрлэжээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын засгийн газар шатахууныг дахин хязгаарлалттайгаар олгох шийдвэр гаргажээ.
ОХУ-ын нийслэл Москва хотоос баруун өмнөд зүгт орших Калуга мужид өнгөрөгч лхагва гаргаас эхлэн автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгох систем болон зөөврийн канистер, саванд бензин худалдаалахыг хориглох шийдвэр эргэн хэрэгжиж эхэлсэн байна.
Цаашилбал Сибирийн Забайкальскийн хязгаарт АИ-92 болон АИ-95 төрлийн бензинийг нэг автомашинд дээд тал нь 15 литрээс илүүгүй олгох хязгаарлалт тогтоожээ. Учир нь тус бүс нутгийн шатахууны нөөц 17,000 тонн байгаа нь ердөө 20 хоногийн нөөц гэж Оросын хэвлэлээр мэдээллээ.
Саяхан Украины арми Москва, Самара, Уфа дахь Оросын гурван гол газрын тос боловсруулах үйлдвэрийг онилон дроноор довтолсны дараа шатахуунд хязгаарлалт тогтоож эхэлсэн тухай мэдээлэл гарч байна. Мөн Украины засгийн газраас дроны цохилт нь амжилттай болж, ОХУ-ын газрын тос боловсруулах хүчин чадлын бараг 50 хувийг жагсаалаас гаргасан гэж мэдэгдлээ. 2026 он гарсаар ОХУ-д шатахууны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өсөж, нэг литр тутмын өртөг 78 рубльд хүрээд байна.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны 2-р сарын 1-нийг хүртэл, дизель түлшний экспортын хоригийг 11-р сар хүртэл сунгасан бөгөөд цаашид дахин сунгахаар хэлэлцэж байна. Орос улс дотоодын хомсдолоо нөхөхийн тулд холбоотон Беларусь улсаас авах шатахууны импортоо огцом нэмэгдүүлжээ. Оны эхний 8 сарын байдлаар Беларусь улсаас 866 мянган тонн шатахуун импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23 дахин өссөн үзүүлэлт болжээ.