Таеквондогийн Пүмсэ төрлийн олон улсын тэмцээнд Монголын өсвөрийн тамирчид болох Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар түүхэн амжилт үзүүлж, дэлхийн аварга болсон. Тэгвэл нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургуулийн 8в ангийн сурагч Ц.Шинэ-Эрдэнийг сургуулийн хамт олон нь халуун дотноор угтан авлаа.
БНСУ-ын Чүнчон хотноо болсон Таеквондогийн Пүмсэ төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 83 орны 2,800 гаруй тамирчин оролцож нийт 42 төрөлд өрсөлджээ. Ц.Шинэ-Эрдэнэ энэ тэмцээнд холимог хосын төрөлд алтан медаль хүртэхээс гадна ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэнээр дэлхийн аваргын хос медальтан болсон байна. Пүмсэ бол тамирчнаас хөдөлгөөн бүрээ нарийн тооцоолж, техник, хурд, хүч, уян хатан байдал төдийгүй сэтгэлзүйн өндөр бэлтгэл шаарддаг төрөл. Холимог хосын төрөлд хоёр тамирчин нэгэн зэрэг, ижил хэмнэл, ижил хөдөлгөөнөөр үзүүлбэрээ гүйцэтгэх учраас нэгнийх нь алдаа нөгөөдөө шууд нөлөөлдөг. Харин Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар холимог хосын төрлийн хэсгийн шатанд Их Британи, Герман улсын хосуудыг ялж, цааш өрсөлдөөнөө үргэлжлүүлэн Канадын тамирчдыг хүрэл медалийн төлөөх шатанд, АНУ-ын хосыг мөнгөн медалийн төлөөх шатанд ялсан байна. Харин финалд Тайландын хосыг ялснаар Монголын Таеквондогийн түүхэнд Пүмсэ төрлөөр дэлхийн аваргын алтан медаль хүртсэн анхны тамирчид боллоо.
Дэлхийн дэвжээнд монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн Ц.Шинэ-Эрдэнэ үеийнхэндээ урам зориг өгч, хичээл, сурлагынхаа хажуугаар өөрийн сонирхол, зорилгодоо тууштай хандаж, үеийн хүүхдүүддээ спортоор хичээллэхийн ач холбогдлыг ойлгуулахыг хүсэж байгаагаа хэллээ. Тэгвэл өнөөдөр Ц.Шинэ-Эрдэнийн сургуулийн хамт олон нь дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг гаргаж, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөн сурагчаа хүндэтгэн угтаж, цаашдын сурлага, спорт, хөдөлмөр, амьдралд нь өндөр амжилт хүслээ.
Түүний энэ амжилт ангийн найзууддаа баяр бахархал төрүүлээд зогсохгүй хүүхэд залууст өөрийн сонирхсон спортоор хичээллэж, зорилго тавин, өдөр бүр тууштай хөдөлмөрлөвөл амжилтад хүрч болдгийг харуулж байгаа юм.