УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёр нь зөвшөөрвөл УИХ өөрөө тарах шийдвэр гаргах боломжтой

126 гишүүнтэй анхны парламент бүрэн эрхийнхээ хугацааны талд орсон энэ үед УИХ-ыг тараах асуудал яригдаж эхэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир өчигдөр цахим хуудсаараа дамжуулан парламент хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэж үзэн, УИХ-ыг тараах эхлэлийг тавина гэж өрийн байр сууриа илэрхийлсэн. Харин үүний хариуд УИХ-ын зарим гишүүд бүрэн эрхийн хугацаа нь дөнгөж талдаа орж байхад парламентыг тараах тухай ярих нь зохисгүй, цаашлаад УИХ-ын бүрэн эрхэд халдсан улс төржилт хэмээн шүүмжилж байна. 

УИХ-ын гишүүн Ө.Шижирийн үзэж байгаагаар эрх баригч МАН-ын дотоод хуваагдал улс орныг хүнд байдалд оруулж, иргэдийн эрх ашгаас илүү өөрсдийн эрх ашиг, сандал суудлыг урьтал болгож байна гэж үзэж байгаа юм. 

УИХ-ыг тараах асуудал нь намуудын дотоод тохироо, нэг гишүүний улс төрийн байр сууриар шийдэгдэхгүй. Тодруулбал, үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт улсын их хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар ерөнхийлөгч улсын их хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол улсын их хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэж заасан байдаг. Иймд 126 гишүүнтэй өнөөгийн парламентын хувьд энэ нь 84 гишүүний дэмжлэг шаардлагатай гэсэн үг. Гэвч парламентын үйл ажиллагааг шүүмжлэх үндэслэл огт байхгүй гэж хэлэхэд бас эрт гэдгийг зарим УИХ-ын гишүүд хэлж байна. Учир нь УИХ-ын өмнө хууль батлах, төрийн бодлогын үндсийг тодорхойлох, засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, улсын төсвийг хэлэлцэн батлах зэрэг үндсэн хууль, хуулиар хүлээсэн үндсэн үүргүүд бий. Тиймээс ажлаа хийхгүй байна гэж шүүмжлэхийн оронд хийх ёстой ажлаа хийх хэрэгтэй гэдгийг онцоллоо.

УИХ-ын тухай хуулийн 3.2-т парламент нь хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй гэж заасан байдаг. Мөн улсын төсвийг хэлэлцэн батлах нь УИХ-ын үндсэн чиг үүргийн нэг юм. Тэгвэл иргэдийн зүгээс парламент тарах эсэхээс илүүтэй бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд УИХ-ын гишүүд өөрсдийн хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

126 гишүүнтэй парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон энэ үед тарах асуудал улс төрийн байр суурийн түвшинд яригдаж байгаа ч хууль зүйн хувьд тарах эсэхийг 84 гишүүний босго шийднэ. Харин үлдсэн хугацаанд парламент төсөв болон бусад хууль тогтоомжоо хэлэлцэж, үндсэн хууль болон хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх эсэх нь тусдаа асуудал болж байна.