Манай улсын хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээнд робот технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна 

Монгол улсад хүүхдийн мэс заслын алба үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх, робот технологи нэвтрүүлэх хэтийн зорилтоо зарлалаа. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй эрдэм шинжилгээний хуралд дэлхийн олон орны нарийн мэргэжлийн эмч, эрдэмтдийн төлөөлөл оролцож, салбарын ололт амжилт болон ирээдүйн чиг хандлагыг хэлэлцлээ.

Өдгөө манай улс хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээг дэлхийн өндөр түвшинд үзүүлж байгаа бөгөөд одоогоор төлөвлөгөөт мэс заслын 50 хувийг дурангийн аргаар амжилттай гүйцэтгэж байна. Цаашид энэ үр дүнг ахиулж, яаралтай мэс заслыг дурангийн технологид шилжүүлэх, дэлхийтэй хөл нийлүүлэн робот мэс заслыг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Мөн  нөгөө талаас, Монгол улсын засгийн газраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогыг баримталж, орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн материаллаг баазыг үе шаттайгаар бэхжүүлж ирсэн. Үүний үр дүнд хөдөө орон нутагт анхан шатны болон яаралтай зарим мэс заслыг цаг алдалгүй газар дээр нь үзүүлэх техник, тоног төхөөрөмжийн боломж бүрдээд байгаа юм. Гэвч энэхүү дэвшлийн ард нарийн мэргэжлийн эмч, сувилагчдын хомсдол салбарын хөгжилд хүндрэл учруулж байгааг салбарынхан анхаарууллаа. Хүүхдийн мэс засал нь насанд хүрэгчдийнхээс бие махбодын онцлог, өсөлт хөгжлийн явцаараа эрс ялгаатай тул нарийн мэргэшсэн хүний нөөц шаарддаг төрөлжсөн салбар юм. Гэвч өнөөдөр орон нутгийн эмнэлгүүдэд хүүхдийн мэс засал болон хүүхдийн мэдээгүйжүүлгийн дагнасан эмч нарын хүрэлцээ хангалтгүй хэвээр байна. Тухайлбал, хагалгааны үеийн болон хагалгааны дараах эрчимт асаргааг гардан гүйцэтгэдэг сувилахуйн ажилтнуудын хүний нөөц асуудал бага байгааг хэлж байна.

Үүнээс гадна хүүхдийн толгой, нүүр амны орчмын төрөлхийн хөгжлийн гажгийн дунд хамгийн түгээмэл тохиолддог уруул, тагнайн сэтэрхий эмгэг манай улсад өндөр хэвээр байна. Хэдийгээр анагаах ухаан хурдацтай хөгжиж байгаа ч манай улсад энэ эмгэгийн үзүүлэлт буурахгүй байгааг сүүлийн үеийн судалгааны дүн сануулсаар байгаа юм. Тухайлбал, статистик мэдээгээр 654 амьд төрөлт тутамд нэг ийм тохиолд бүртгэгдэж байгаа бөгөөд энэ нь жил бүр олон зуун хүүхэд мэс заслын ширээний ард гарч, нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Тус эмгэгт удамшлын хүчин зүйлээс гадна жирэмсний үеийн зарим эрсдэлт хүчин зүйл нөлөөлдөг тул урьдчилан сэргийлэлт, эрт оношилгоо, эмчилгээг сайжруулах шаардлагатайг салбарынхан онцоллоо.

Хүүхдийн мэс заслын салбарт технологийн болон эмчилгээний чанарын асар том ахиц дэвшил гарч, робот болон дурангийн мэс заслаар дэлхийтэй хөл нийлүүлж байгаа ч хүний нөөцийн дутагдал, төрөлхийн гажгийн өндөр үзүүлэлт нь салбарын тулгамдсан асуудал хэвээр байна.