Өнгөрсөн жилийн өдийд атар талх 2500 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол энэ онд 3100 төгрөг болж 24 хувиар нэмэгджээ. УИХ-ын гишүүд төрийн ордонд сандал суудлын төлөө нам дотроо хагаралдаж, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байх энэ цаг үед иргэд нь талх, будаагаа ч авч чадахгүй нөхцөл байдалтай өдөр хоногийг өнгөрүүлж байна. Төрөөс тэрбум их наядаар нь ярьж, том том төсөл хөтөлбөр төлөвлөж байхад иргэд өдрийн хоолоо залгуулахын тулд гурил будаагаа граммлан авч, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Нөгөөтээгүүр хүнсний дэлгүүрүүд иргэдийн тавьсан өрөнд дарагдаж, зарим нь хаалгаа барихад хүрчээ.
Үнийн өсөлт, инфляцын нөлөөгөөр өрхүүдийн өдөр тутмын хэрэглээний зардал нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадварт дарамт болж байна. Ялангуяа иргэдийн өдөр тутмын хэрэглээ болох талх, гурилан бүтээгдэхүүн дэлгүүрийн лангуунаас зарагдахаа больжээ. Мөн иргэд дэлгүүрүүдэд зээл тавих нь нэмэгдэж улмаар өр төлбөрөө хугацаанд нь барагдуулахгүй байх тохиолдол цөөнгүй гарч байгааг худалдаа эрхлэгчдийн зүгээс хэлэв. Үүний улмаас дэлгүүрүүд бараа татах эргэлтийн хөрөнгө багасаж, лангуун дээр байх бараа бүтээгдэхүүний нэр төрөл ч цөөрч эхэлсэн байна. Түүнчлэн иргэдийн худалдан авах чадвар буурч төмс хүнсний ногоог ширхэглэж, 1 килограммаар савласан цагаан будаа элсэн чихрийг 500 граммаар худалдан авах болжээ.
Харин иргэдийн зүгээс өмнө нь хүндрэл учрахгүйгээр авч хэрэглэдэг байсан өндөг, талх, боов, боорцог зэрэг хүнсний бүтээгдэхүүн өнөөдөр тансаг хэрэглээ болсон гэдгийг хэлж байна. Эрх баригчдын зүгээс иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлж байгаа гэж хэлж байгаа ч бодит байдал дээр иргэдийн гар дээр үлдэх мөнгөний бодит хэрэглээний чадвар буурсаар байгаа юм. Ийнхүү өдөр тутмын хүнсээ ч хэмнэж, заримдаа зээлээр авч хэрэглэх болсон нь үнийн өсөлт өрхийн амьжиргаанд хүндхэн нөлөөлж байгааг харуулж байна.
Үнийн өсөлт нь зөвхөн дэлгүүрийн лангуун дээрх тоог өөрчлөөгүй, өрхүүдийн өдөр тутмын хэрэглээ, хүнсний сонголт, цаашлаад өр зээлийн дарамтад хүргэж байна. Нэг талд төрөөс томоохон тоон дүн, төсөл хөтөлбөрийг ярьж байхад нөгөө талд иргэд өнөөдрийн хоолоо хэрхэн залгуулахаа тооцож байна гэж иргэд шүүмжилж байна. Цалин, тэтгэвэр нэмэгдсэнээс илүүтэйгээр өмнө нь бүтнээр нь авч хэрэглэдэг байсан бүтээгдэхүүнээ хагас килограммаар, хэдхэн ширхгээр тооцож авах болсон нь иргэдийн амьжиргаа хэрхэн муудсаныг харуулж байна гэж худалдаа эрхлэгчид онцоллоо.