Д.Амарбаясгалан: Боловсролын сайд Л.Энх-Амгаланг огцруулах хүсэлтийг ЗГ-т өргөн мэдүүлнэ

Гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хэд хоног гацаад байсан УИХ-ын үйл ажиллагаа өнөөдөр хэвийн үргэлжилж, улсын төсөвтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж эхэллээ. Гэвч үүнтэй зэрэгцэн өнгөрсөн хугацаанд УИХ-ын ажлыг гацаасан гэх ерөнхий сайд Н.Учралтай холбоотой нэр бүхий сургуулийн төсвийн асуудлаар боловсролын сайд Л.Энх-Амгаланд хариуцлага тооцон, огцруулахыг шаардана гэдгээ УИХ-ын зарим гишүүд мэдэгдээд байна. 

Энэ оны төсвийн тодотгол хэлэлцэж эхлэх үеэр ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий дунд сургуульд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн зардал тусгасан гэх баримт ил болсон. Гэвч Засгийн газрын зүгээс уг файлыг хуурамч, алдаатай гэж тайлбарлан,  боловсролын сайд Л.Энх-Амгалан уг баримтыг ил болгосон УИХ-ын гишүүн А.Ариунзаяаг Түгжилмаа хэмээн нэрлэсэн. Үүний улмаас А.Ариунзаяа, О.Саранчулуун, Б.Баярбаатар тэргүүтэй УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд уг үйлдэлдээ Л.Энх-Амгалан сайдыг уучлалт гуйхыг шаардаж, уучлалт гуйтал чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан дээрх асуудлаар боловсролын сайд Энх-Амгаланг огцруулахыг шаардаж, ирэх долоо хоногоос уг асуудлыг байнгын хороодоор хэлэлцүүлэхээ мэдэгджээ.

Харин боловсролын сайд Л.Энх-Амгалан өөрийгөө буруутай гэх үндэслэл байхгүй, харин ч УИХ-ын үйл ажиллагааг бойкотолж байгаа зарим гишүүд ард түмнээс уучлалт гуйх ёстой гэж мэдэгдлээ.

Энэ оны улсын төсвийн тодотголд ирэх 11-р сараас ахмад настны тэтгэвэр, төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр тусгасан. Гэвч энэ мэтчилэн нам доторх хагарал дэвэрч, УИХ-ыг ирцээр бойкотолж байгаа нь өөрөө иргэдийн амьдралд шууд нөлөөлөх асуудлыг хойш татсаар байгааг УИХ-ын зарим гишүүд шүүмжилж байна. Учир нь төсвийн тодотголыг 10-р сарын 19-өөс өмнө баталж чадахгүй бол ирэх 11-р сараас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн цалин, тэтгэврийн нэмэгдлийг хугацаанд нь олгох боломжгүй нөхцөл бүрдээд байгааг хэлж байна. 

Төсвийн тодотголыг яаралтай батлахаас илүүтэй гишүүд өөрсдийн маргаан, тунирхлаа урьд тавьсаар байвал үр дагавар нь иргэдийн хүлээж буй цалин, тэтгэврийн нэмэгдэлд тусах нөхцөл үүсээд байна. Иймд дотоод асуудлыг цааш нь тавьж, өөрсдийн хүлээсэн үүргээ биелүүлэхийг УИХ-ын зарим гишүүд сануулсан юм.