ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт шатахууны хомсдол нүүрлэж, борлуулалтад дахин хязгаарлалт тогтоож эхэллээ

Энэ сарын 24-нд ОХУ-ын дотоодын хэвлэлээр тус улсын хэд хэдэн бүс нутагт шатахууны хомсдол үүсэж, борлуулалтад хязгаарлалт тогтоож эхэлсэн талаар мэдэгдсэн. Өвлийн улирал хаяанд ирж, хүйтний эрч чангарахын хэрээр иргэдийн ахуйн болон тээврийн хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа энэ үед шатахууны хомсдол дахин үүсээд буй нь нийгмийн бухимдлыг дахин төрүүлээд байна.   

ОХУ-ын нийслэл Москва хотоос баруун өмнөд зүгт орших Калуга мужид өнгөрөгч лхагва гаргаас эхлэн автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгох систем болон зөөврийн канистер, саванд бензин худалдаалахыг хориглох шийдвэр эргэн хэрэгжиж эхэлсэн байна.  Тэгвэл энэхүү асуудал нь манай улсын хувьд мөн хүндээр нөлөөлөх эсэх дээр иргэдийн санаа зовж эхэлжээ. Тухайлбал  өвлийн улирал хаяанд ирж буй энэ цаг үед дахин шатахууны хомсдол үүсвэл амьжиргаагаа залгуулдаг иргэдийн хувьд хүндхэн цохилт болж ирэх өвлийг хэрхэн давахаа мэдэхгүй байгаагаа хэлж байна. Хэрэв шатахуунгүй бол ажил, орлого, өдөр тутмын амьдрал нь шууд доголдох тул шатахууны тасалдал үүсгэхгүй байх тал дээр илүү их анхаарал хандуулах хэрэгтэйг иргэд хэллээ. 

АҮЭБЯ-аас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр өнгөрсөн 24 цагт Улаанбаатарын 105 ШТС-д 987 тонн, орон нутгийн 82 ШТС-д 812 тонн АИ-92 шатахуун түгээсэн бөгөөд  Улаанбаатарын хэмжээнд 9720 тонн шатахууны нөөц байгаа талаар дурдсан. Энэ сард ОХУ-аас авах ёстой захиалгын хэмжээ 18 мянган тонноор дутуу байгаа талаар мэдэгдсэн юм. Мөн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд харьяа яамнаас БНХАУ, БНСУ-аас дизель түлш татан авч, 9-р сард нийт 18 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн авахаар гэрээ байгуулсан байна. Үүнээс 8 мянган тонн буюу 1792 автомашинаар тээвэрлэгдэх бүтээгдэхүүн замд гарсан бөгөөд албаныхан орон нутагт үүссэн тасалдлыг нөхөж, Улаанбаатар хотод АИ-92, АИ-95 бензинийг хязгаарлалтгүй олгохоор ажиллаж байгаагаа  мэдээлсэн юм.

Хэдийгээр албаны эх сурвалжууд нөхцөл байдлыг тогтворжуулахаар ажиллаж байгаа ч шатахууны хувьд ОХУ-аас хараат манай улсын хувьд тухайн улсын дотоод зах зээлийн хямрал сунжирвал манай улсын өвлийн бэлтгэл тэр дундаа уул уурхай, тээвэр, иргэдийн амьжиргаанд эрсдэл дагуулсаар байхыг салбарын шинжээчид болоод иргэдийн зүгээс хэлж байна. Тиймээс цаашид нэг улсаас хараат байдлыг халж, импортын эх үүсвэрийг бодитоор төрөлжүүлэх нь ирж буй аливаа эрсдэлээс сэргийлж чадна гэдгийг хэллээ.