Ши Жиньпин, Доналд Трамп нар худалдаа, хиймэл оюун, улс орнуудын стратегийн өрсөлдөөний талаар хэлэлцжээ

Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын удирдагч  Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн хэлэлцээ боллоо. Хоёр удирдагч худалдаа, хиймэл оюун болон олон улсын геополитикийн өрсөлдөөний талаар хэлэлцсэн байна. 

Трамп, Ши Жиньпин дээд хэмжээний уулзалтын өмнө АНУ-ын сангийн сайд Скотт Бессент дэлхийн тэргүүлэгч хоёр гүрэн худалдааны түр эвлэрлийг хоёр сарын хугацаатай сунгасан гэж мэдэгдсэн юм. 

Гэхдээ хөшигний ард Доналд Трамп “Тийм ч зөөлөн байгаагүй” гэж өрнөдийн хэвлэлээр мэдээлж байна. Тухайлбал тэрээр тэрээр хятадын удирдагч Ши Жиньпинийг амлалтандаа хүрч, АНУ-аас 17 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдаж авах үүргээ яаралтай биелүүлэхийг шаардсан байна. Үүний хариуд Ши Жиньпин америкийн өндөр технологийн үйлдвэрлэл, тэр дундаа чип болон электроникийн салбарт нэн чухал түүхий эд болох ховор элементийн экспортын хязгаарлалтаа хойшлуулах асуудлыг хэлэлцээний хөзөр болгон барьсан гэгдэж байна. Пүрэв гаргийн орой цагаан ордонд болсон төрийн хүндэтгэлийн оройн зоогт АНУ-ын технологийн салбарын тэрбумтнууд, акулууд оролцлоо. Хүндэт зочдын дунд Илон Маск, Тим Күүк, Сэм Алтмэн, Женсен Хуанг, Жефф Безос нар багтжээ. 

Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Хятадын дарга Ши Жиньпин нар хиймэл оюун ухааны аюулгүй байдлын талаар хэлэлцэж, ийм технологи нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэх нөхцөл үүсвэл харилцан мэдэгдэх механизм буюу халуун шугам байгуулах санааг хөндсөн байна. Хэдийгээр хоёр тал уг аюулгүй байдлын харилцааны талаар ярилцсан ч техникийн болон хэрэгжүүлэх нарийн зохицуулалт нь эцэслэгдэх шатандаа байна гэж хэвлэлээр мэдээллээ. Үүнээс гадна уулзалтын үеэр Тайванийн асуудал хамгийн халуун сэдэв байлаа.  Трампын засаг захиргаа Тайваньд нийлүүлэхээр төлөвлөж байсан 14 тэрбум ам.долларын өртөгтэй зэвсэг худалдах гэрээг түр зогсоосон нь Хятадын талд маш том дохио болсон юм. Трамп уг арилжааны гэрээг царцаах замаар Ши Жиньпинтэй хийх бусад худалдааны хэлэлцээнд давуу тал олж авахыг эрмэлзэж байна гэж шинжээчид үзэж байна. Харин Ши Жиньпин Трампд хандан Тайванийг тусгаар тогтнохыг дэмжихгүй байх өмнөх амлалтаа хатуу баримталж, энэ эмзэг асуудалд маш "Хэрсүү, хянуур" хандахыг анхааруулсан байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин уулзалтын үеэр "Тукидидын урхи" гэх түүхэн онолыг дурджээ. Энэ нь шинээр мандаж буй гүрэн одоо байгаа супер гүрнийг заналхийлэхэд зайлшгүй дайн дэгддэг зүй тогтол юм. Ши Жиньпин АНУ болон Хятад улс энэ урхинд унахгүй байх түүхэн хариуцлага оногдож буйг онцолжээ. Үүний тулд хоёр улсын цэргийн салбарын харилцааг идэвхжүүлж, санаандгүй мөргөлдөөн үүсэхээс сэргийлэх хямралын менежментийг бэхжүүлэхээр болсон байна. Мөн соёлын дипломат харилцааны хүрээнд Ши Жиньпин ирэх жилүүдэд 100,000 америк залуусыг хятад улсад суралцах, зочлохыг урьсан нь америкчуудын дундах хятадын эсрэг уур амьсгалыг зөөлрүүлэх гэсэн алхам байжээ.