Пүрэв гарагт Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Улаан тэнгис дэх Саудын Арабын газрын тосны тээврийн гол зангилаа болох Янбу боомтын аюулгүй байдлыг хангахын тулд цэргийн хүчээ илгээхээр болсныг албан ёсоор мэдэгдлээ. Саяхан Йемен дэх Хусит босогчдын бүлэглэл улаан тэнгисийн Баб Эл-Мендабын хоолойг эрхшээлдээ оруулж, Саудын Арабын эрчим хүчний дэд бүтэц рүү довтлох болсон юм.
Хятад, Европ руу чиглэсэн дизель түлш болон түүхий газрын тос дамжин өнгөрдөг, бас тээвэрлэдэг боомт руу Францын засгийн газар цэрэг, Радар, агаарын довтолгооноос хамгаалах системийг илгээх юм байна. Янбу боомт нь Саудын Арабын хувьд Персийн булангаас Улаан тэнгис рүү газрын тос тээвэрлэдэг "Өрнө-дорно" дамжуулах хоолойн төгсгөлийн зангилаа тул дэлхийн эрчим хүчний зах зээлийн хувьд нэн чухал ач холбогдолтой бүс нутаг юм. Харин Францын ерөнхийлөгч Макрон цэргээ илгээх шийдвэр гаргах болсон шалтгаан нь Йемен дэх Ираны дэмжлэгтэй Хусит босогчдын бүлэглэлийн пуужингийн дайралт юм. Саудын Арабын тэргүүлсэн эвслийн хүчнийхэн Янбу болон Таиф хотууд руу чиглэсэн Балистик пуужингуудыг амжилттай амдан устгаж байгаа ч, Хутситуудын гэнэдүүлсэн цохилтын улмаас тус боомтын дэд бүтэц үлэмж хэмжээгээр хохирол амссан. Мөн сүүлийн үед Хутситуудын зүгээс эрчим хүчний объектууд руу олон тооны пуужин, дрон харваж, дайралтын давтамж ихэссэн тул Саудын Араб олон улсаас тусламж хүсэж эхэлсэн байна. Тэгвэл Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсын зэвсэгт хүчин мөргөлдөөнд татагдан орохгүй төдийгүй зөвхөн эрчим хүчний дэд бүтцүүдийг хамгаалахад нөөц бололцоогоо ашиглахыг онцлон тэмдэглэжээ.