Өнгөрсөн 7-р сараас хойш үүссэн шатахууны хомсдолоос шалтгаалан иргэд өнгөрсөн 7 хоногт төв талбайг тойрч жагсан, эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл өнгөрөгч 2 сарын хугацаанд манай улс шатахууны нийт хэрэглээнээсээ бага хэмжээний АИ-92 бензин импортолсон нь өнөөгийн нөхцөл байдал үүсэх шалтгаан боллоо гэж аж үйлдвэр, эрдэс баялгын сайд Г.Дамдинням хэллээ. Иймд энэ сараас БНХАУ-аас шатахуун импортлохоор хэлэлцээрт хүрсэн тул ойрын хэд хоногтоо шатахууны шок намжина гэж мэдэгдлээ.
Манай улс сард дунджаар 75 мянган тонн АИ-92 төрлийн автобензин хэрэглэдэг байна. Тэгвэл өнгөрөгч 8-р сард үүнээс бага буюу 54 мянган тонн, 9-р сард 62 мянган тонныг импортлосон нь нийлүүлэлт дутах нөхцөл үүсжээ. Иймд энэ сард БНХАУ-аас 78 мянган тонн АИ-92 төрлийн шатахуун авахаар гэрээ хийсэн байна. Түүнчлэн манай улсын шатахууны нийлүүлэлтийн 97 орчим хувийг хангадаг ОХУ-д нефть боловсруулах үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөн нь дотоодын хэрэгцээг нэмэгдүүлээд байгаа юм. Харин энэ нь манай улсад нийлүүлэх АИ-92-ын хэмжээ буурахад шууд нөлөөлжээ. Энэ бүгдээс шалтгаалж ачилт багасах бүрд шатахууны хангамжид хүндрэл үүсэж байгааг салбарын сайд онцолжээ. Тиймээс шатахууны нийлүүлэлтийг зөвхөн нэг улсын хараат байдлаас гаргахын тулд бусад улс орнуудтай хэлэлцээ хийгдэж байгаа юм байна.
Мөн улсын хэмжээний шатахуун хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, энэ жилдээ 150 мянган тонноор өргөтгөхөөр төлөвлөж байгаа юм байна. Ингэснээр шатахууны энгийн хэрэглээний 45 хоногийн нөөц бүрдүүлэх бүрэн боломжтой болж, шатахууны тасалдал дахин үүсэхгүй гэдгийг салбарын сайд онцолжээ.