АН-ын зүгээс Засгийн газарт хариуцлага тооцох шаардлага тавьж, төсвийн үр ашиггүй зардлыг танахыг шаардлаа

УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн АН-аас өнөөгийн нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ЗГ-т хариуцлага тооцохыг шаардаад зогсохгүй, ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэхийг мөн шаарджээ. Тэгвэл 10-р сарын 2-нд АН-ын улс төрийн зөвлөл хуралдаж, МАН-ын олонх бүрдүүлсэн Засгийн газарт хариуцлага тооцох асуудлаар хэлэлцэж, шийдвэрээ танилцууллаа.

АН-ын зүгээс ЗГ-ын бүрэлдэхүүнд эхний ээлжид Батлан хамгаалахын сайд Л.Батлутад хариуцлага тооцож, огцруулах шаардлага тавьсан ч одоогоор тодорхой хариу ирээгүй байна. Тиймээс асуудлыг шат ахиулж, ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг тавьж байна гэдгээ мэдэгдлээ. Төсвийн тухайд АН-аас цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдийн бодит орлогыг хамгаалах ёстой гэдгийг анхааруулж байна. Үүний зэрэгцээ үр ашиггүй, тансаг зардлыг танах шаардлагатай гэж үзжээ.

Түүнчлэн эрх баригч намын дотоод зөрчил, маргаан төрийн ажилд нөлөөлж, улмаар иргэдэд хүндрэл учруулж байгааг шүүмжилсэн. Мөн энэ бүхнийг АН-аас үүдэлтэй мэтээр тайлбарлаж, хариуцлагаас зайлсхийх оролдлого гаргаж болохгүй гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл ерөнхий сайд Засгийн газрын цахим хуудсаар дамжуулан АН-ын шаардлагыг хүлээж авч байгаагаа ийн дамжуулжээ. 

Харин Засгийн газарт хариуцлага тооцох асуудал ямар үр дүнд хүрэх нь эрх баригч олонхийн нам болоод сөрөг хүчний цаашдын байр сууриас шалтгаалахаар байна.