Хэдийгээр ерөнхий сайдын зүгээс Засгийн газарт хариуцлага тооцно гэдгээ илэрхийлж байгаа ч төсвийн тодотгол хэлэлцэх УИХ-ын гол байнгын хороо болох төсвийн байнгын хорооны хуралдаанд холбогдох сайд, албан тушаалтнууд оролцсонгүй.
Өнөөдөр буюу 10-р сарын 2-нд хуралдсан төсвийн байнгын хороогоор 2026 оны төсвийн тодотголтой холбоотой хэд хэдэн хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг хэлэлцэхээр товолсон. Гэвч хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүдэд тодорхой хариулт өгөх шаардлагатай Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Монголбанкны төлөөлөл болон Чингис хаан үндэсний баялгийн сангийн холбогдох албан тушаалтнууд хуралдаанд байсангүй. Ингэснээр УИХ-ын гишүүд хэлэлцэж буй төсөвтэй холбоотой асуултаа тавьсан ч түүнд нь хариуцсан сайд, албан тушаалтнаас шууд хариулт авах боломжгүй нөхцөл үүссэн. УИХ-ын зарим гишүүд ч үүнийг шүүмжилж, төсвийн тодотголыг бодитойгоор хэлэлцэж, асуулт тодруулга авахын тулд холбогдох албан тушаалтнуудыг хуралдаанд заавал оролцуулах шаардлагатайг онцоллоо.
Төсвийн тодотгол нь цалин, тэтгэвэрээс эхлээд төрийн зардал, үндэсний баялгийн сан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтад шууд нөлөөлөх асуудал. Тиймээс ийм өргөн хүрээний өөрчлөлтийг хэлэлцэж байгаа үед хариуцсан талуудын оролцоогүйгээр хэлэлцүүлгийг явуулах нь өөрөө төсвийн хэрэгжилт, зарцуулалттай холбоотой асуултууд хариултгүй үлдэж, хэлэлцүүлгийн үнэн зөв байдалд эргэлзээ үүсгэх эрсдэлтэй байна.
Түүнчлэн хэлэлцэж буй асуудлаар шаардлагатай тодруулга авч чадахгүй нөхцөлд хуулийн төслүүдийг яаран хэлэлцэж, батлах нь үндэслэлтэй эсэх асуудал ч мөн хөндөгдөх байна. Иймээс УИХ-ын зарим гишүүдийн зүгээс холбогдох сайд, албан тушаалтнуудыг хуралдаанд оролцуулж, тодорхой хариулт, тайлбар авсны үндсэн дээр төсвийн тодотголыг хэлэлцэх шаардлагатайг онцоллоо.