БНХАУ газрын тос боловсруулах үйлдвэрүүд дотоодын стратегийн нөөцөө зузаатгах зорилгоор 10-р сарын түлш, шатахууны экспортоо зогсоолоо. Ойрх дорнодын хямрал болон Оросын боловсруулах үйлдвэрүүд дроны халдлагад өртсөний улмаас дэлхий даяар газрын тосны нийлүүлэлт хумигдаж, эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ огцом өсөөд байна.
Геополитикийн тодорхойгүй байдал улам даамжирч, дэлхий даяар газрын тосны эрэлт өсөн нэмэгдсэн энэ цаг үед БНХАУ дотоодын эрчим хүчний аюулгүй байдлаа хамгаалах үүднээс ийм шийдвэр гаргажээ.
Хятадын төрийн өмчит "Petrochina" тэргүүтэй томоохон компаниуд 10-р сард төлөвлөгдсөн байсан бензин, дизель болон онгоцны түлшний экспортын гэрээнүүдээ цуцалж, Хонконг, Макаогоос бусад бүс нутаг руу түлш гаргахаа зогсоосон байна.
Азийн шатахууны гол нийлүүлэгч Хятад улс экспортоо зогсоосноор Сингапур, Малайз, Австрали, Филиппин зэрэг оронд бензин түлшний хомсдол үүсэж, олон улсын зах зээлд эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ шинэ дээд цэгтээ хүрэх эрсдэлийг дагуулах юм.
Тэгвэл БНХАУ-ын стратегийн нөөц аль хэдийн улаан шугам руугаа дөхчихсөн байгаа аж. Хятадын дотоодын дизель түлшний нөөц Ираны дайн эхлэхээс өмнөх үеийнхээс даруй 20 сая баррелиар, харин бензиний нөөц нь 9 сая баррелиар багассан гэж эх сурвалжууд хэлжээ. Иймд Хятад улс өөрийн гэсэн "Эрчим хүчний хамгаалалт" хийхээс өөр аргагүй болжээ. Гэхдээ Хятадын энэ шийдвэр урт хугацааных биш, 10-р сарын 7-нд тус улсын үндэсний баярын амралт дууссаны дараа экспорт нь эргэн сэргэж магадгүй байна. Харин хамгийн гол аюул нь Хятад улс энэ жил экспортоо "Хаах, буцааж нээх, дахин хаах" тактикийг ямар ч урьдчилсан сануулгагүйгээр гэнэт хэрэгжүүлдэг болсон явдал болохыг шинжээчид онцлон хэлжээ.