Пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Валдай” олон улсын хэлэлцүүлгийн үеэр өрнөдийн орнуудын баримталж буй бодлогыг эрс шүүмжилж, Европын холбооны ирээдүйн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр ОХУ-д Европын холбоог задлах шаардлага байхгүй, “Тэд гадны нөлөөгүйгээр өөсрдөө нуран унах болно” хэмээн хатуухан мэдэгджээ.
Чуулганы хөтлөгч Итали улс Европын холбооноос гарах эсэх болон тус холбооны ирээдүйн талаар Владимир Путинээс лавлан асуухад тэрээр Орос улсад Европын нэгдлийг зориуд устгах, задлах ямар нэгэн сонирхол байхгүй гэдгийг тодотгосон байна. Цааш нь тэрбээр "Бид энэ хэлэлцүүлэгт оролцохыг ч хүсэхгүй байна. Учир нь намайг үг хэлмэгц 'Орос улс Европын холбоог устгахыг хүсэж байна' гэж шууд буруутгана. Гэвч бид юуг ч устгахыг хүсээгүй" хэмээн онцлон мэдэгдлээ.
Үргэлжлүүлэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Европын холбооны дотоод зөрчил болон бүтцийн хямралаасаа шалтгаалан цаашид оршин тогтноход хүндрэлтэй болсныг дурдаад, тус холбоог "Ямар ч гадны тусламжгүйгээр өөрсдөө нуран унах болно" хэмээн мэдэгдсэн байна
Мөн тэрээр өрнөдийн орнуудын "Их зан, хэт өөртөө итгэсэн давлиун байдал" нь олон улсын харилцааг ангал руу хөтөлж, дэлхий дахиныг маш аюултай үе рүү түлхэж байгааг анхаарууллаа. Гэхдээ Орос улс Европыг дайсан гэж харахгүй, харин буурал тивийн орнуудтай эдийн засаг, аюулгүй байдлын хувьд тайван замаар зэрэгцэн орших, хэрэв тэд хүсвэл хэлэлцээний ширээний ард ч суухад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Мөн Путин хэрэв НАТО ОХУ-ын газар нутаг, тэр дундаа Калининград муж руу халдлага үйлдвэл Москва цөмийн зэвсгийг оролцуулаад бүх төрлийн арга хэрэгслээр хатуу хариу барихыг анхаарууллаа. Тэрээр НАТО болон Оросын хоорондох зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг жүжгийн эхэнд тайзнаа өлгөсөн буу төгсгөлдөө заавал бууддаг Антон Чеховын алдартай дүрмээр зүйрлэж, уг хурцадмал байдал хэзээ нэгэн цагт хяналтаас гарч, бодитоор сүйрэлд хүргэх аюултайг бас сануулжээ.
Форумын үеэр Орос улс НАТО-г зориуд айлган сүрдүүлж байгаа эсэх асуултад тэрээр хариулахдаа үүнийг эрс няцаасан юм. Путин энэ байдлыг Оросыг айлган сүрдүүлэх гэсэн өрнөдийнхний оролдлогод өгч буй хариу үйлдэл хэмээн тодотгоод, НАТО Оросыг ирэх жилүүдэд дайнд бэлдэж байна гэх худал цуурхал тарааж, Балтийн тэнгист цэргийн сургуулилт хийх замаар нөхцөл байдлыг өөрсдөө зориуд хурцатгаж байна гэж буруутгалаа.