УИХ-ын төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор 2027 оны төсвийн зардлыг бууруулах 5 санал дэмжигдсэнгүй

УИХ-ын төсвийн зарлагын хяналтын дэд хороо өчигдөр хуралдаж, 2027 оны төсвийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар төсвийн ерөнхийлөн захирагчдын байрны түрээс, шатахуун, албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах болон сурталчилгааны зардлыг бууруулах саналыг гаргасан юм. Гэвч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх 2027 оны төсвийн зардлыг бууруулах саналыг дэмжсэнгүй.

Засгийн газраас 2027 оны төсвийн орлогыг 41 их наяд, зарлагыг 43 их наяд төгрөгөөр тооцсон. Гэвч төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх оны улсын төсвийн орлогыг 34 их наяд, зарлагыг 36 их наяд төгрөгөөр баталснаас хойш хэдхэн сарын дотор эдгээр үзүүлэлт тус бүр 7 орчим их наяд төгрөгөөр нэмэгдсэн байгааг УИХ-ын зарим гишүүд шүүмжлээд байна. 

Харин төсвийн зарлагыг бууруулах саналын хүрээнд байрны түрээсийн зардлыг 36.1 тэрбум, тээвэр, шатахууны зардлыг 11.2 тэрбум, дотоод томилолтын зардлыг 5.2 тэрбум, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг 6.7 тэрбум, мэдээлэл, сурталчилгааны зардлыг 9.4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулах санал гаргасан ч дэмжлэг авсангүй. Эдгээр таван төрлийн зардлыг нийт 68.6 тэрбум төгрөгөөр танах боломжийг гишүүд хэлэлцсэн боловч олонх нь дэмжээгүй байна.

Мөн Монголбанкны 2012 оноос хойших хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрснийг тус банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар мэдээллээ. Мөнгөний нийлүүлэлт сүүлийн саруудад 25 хувиар өссөн бөгөөд 2027 онд өсөлтийг 15 хувь орчимд барихаар төлөвлөж байгааг танилцууллаа. Ийнхүү төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2027 оны төсвийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийн талаарх санал, дүгнэлтээ төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.