2025 онд улсын хэмжээнд 15465 хүнд ял шийтгэл оногдуулсны 175 нь өсвөр насныхан байжээ

УИХ 2024 оны зургаадугаар сарын 5-нд “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх” байгуулах тухай хуулийг баталж байсан бол энэ оны 11 дүгээр сарын 1-ээс тус шүүх үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байна. Өмнө нь гэр бүлийн маргаан, өсвөр насны хүүхдийн үйлдсэн гэмт хэргийг өөр өөр шүүхээр хянан шийдвэрлэдэг байсан бол иргэний болон эрүүгийн хэргийн онцлог, шүүхийн ачааллыг харгалзан дагнасан шүүх байгуулахаар болжээ. Тус шүүх нь гэр бүлийн маргааныг шийдвэрлэхээс гадна өсвөр насны хүүхдийн  үйлдсэн гэмт хэргийг хянан үзэх бөгөөд хүүхдийн нас, сэтгэл зүй, гэр бүлийн орчин, хүмүүжил, засран нийгэмших боломжийг харгалзан үзэхэд чиглэх юм.  Мөн гэр бүлийн хэргээр мэргэшсэн мэргэжилтнүүд нийслэл болон орон нутагт ажиллахаар төлөвлөжээ. 

—Манай улсад 2023 онд 222, 2024 онд 209, 2025 онд 175  өсвөр насны хүүхэд шүүхээр шийтгүүлжээ. Үүнээс харахад сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 606 өсвөр насны хүүхдэд ял шийтгэл оногдуулсан байна. Энэ нь гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд хариуцлага хүлээлгэхээс гадна дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн арга хэмжээ шаардлагатайг харуулж байна.  
—Тэгвэл шүүхийн статистик мэдээллээр 2025 онд улсын хэмжээнд 15465 хүнд ял шийтгэл оногдуулсны 175 нь өсвөр насныхан байжээ. Үүнээс 63 хүүхдэд хорих ял, 68 хүүхдэд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, найман хүүхдийг торгох ялаар шийтгэсэн байна.
—Монгол улсын хэмжээнд 2022–2025 онд Гэр бүлийн тухай хуулиар 25654 хэрэг, маргаан болон онцгой ажиллагааны журмаар 3113 хэрэг, нийт 28767 хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгджээ. Үүнээс харахад  гэр бүлийн харилцаанаас үүдсэн маргаан нь  шүүхийн өмнө тавигдаж буй асуудлын томоохон хэсэг болохыг харуулж байна. Иймээс гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсанаар эдгээр маргааныг хүүхдийн эрх, ашиг сонирхлыг харгалзан мэргэшсэн байдлаар шийдвэрлэх тогтолцоо бүрдэнэ гэдгийг албаныхан хэлж байна. 
—Мөн гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг 26 шүүгчтэй байхаар төлөвлөжээ. Жилд дунджаар 310 орчим хүүхэд эрүүгийн хуулиар, 130 орчим хүүхэд зөрчлийн хуулийн дагуу шийтгүүлдэг байна. Иймээс хүүхдийн хэрэгт зөвхөн хариуцлага хүлээлгэх бус, нас, сэтгэл зүй, гэр бүлийн орчин, дахин нийгэмших боломжийг харгалзсан шийдвэр гаргах нь чухал  болохыг албаныхан хэлж байна. 

Манай улсад  гэр бүл хүүхдийн дагнасан шүүх байгуулах  хууль батлагдахаас өмнө гэр бүлийн маргааныг иргэний хэргийн шүүхээр, өсвөр насны хүүхэд үйлдсэн гэмт хэргийг эрүүгийн хэргийн шүүхээр тус тус хянан шийдвэрлэдэг байсан. Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхээр өсвөр насны хүүхдийн  үйлдсэн гэмт хэргийг мөн хянан шийдвэрлэх юм.  Энэ төрлийн хэргийг шийдвэрлэхдээ хүүхдэд хариуцлага хүлээлгэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлог, гэр бүлийн орчин, цаашид нийгэмших боломжийг цогцоор нь харгалзах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна.

Манай улсад дагнасан шүүх байгуулагдсанаар хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хэргийн нөхцөл байдлыг илүү нарийвчлан үнэлэх боломж бүрдэнэ гэдгийг салбарынхан онцолж байна.  Үүний зэрэгцээ хууль эрх зүйн орчин бүрдсэн ч орон нутагт шүүгчийн хүрэлцээ, хүний нөөцийн дутагдал тулгамдсан асуудал хэвээр байгааг хэллээ.  Мөн 2026 оны долоодугаар сарын 3-нд баталсан Гэр бүлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хүүхдийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлыг тусгажээ. Түүнчлэн гэр бүлийн маргааны үр дагавар хүүхдийн амьдрал, өсөж хөгжих орчин, эдийн засгийн баталгаатай шууд холбоотой тул тэтгэлэг гаргуулах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах нь чухал асуудал болдог. Иймээс гэр бүлийн маргааныг шийдвэрлэхийн зэрэгцээ хүүхдийн тэтгэлэг, тэтгэмжийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт нь шинэ тогтолцооны нэг чухал хэсэг болж байгааг холбогдох хүмүүс онцоллоо. 

Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийг байгуулах нь гэр бүлийн маргааныг шийдвэрлэхээс гадна хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, өсвөр насны хүүхдийн үйлдсэн гэмт хэргийг онцлогт нь тохируулан хянан шийдвэрлэх зорилготой. Харин шинэ тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэшсэн шүүгч, мэргэжилтний хүрэлцээг хангах, ялангуяа орон нутагт тулгамдаж буй хүний нөөцийн дутагдлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Ингэснээр хуулийн зохицуулалт бодит амьдралд хэрэгжиж, хүүхэд бүр эрхээ хамгаалуулах, шүүхээр шударга шийдвэрлүүлэх боломж нь нэмэгдэнэ гэлээ.