Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийслэл хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ. Тодруулбал, баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалга, авто засвар зэрэг нийтийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлж буй 2 хувийн албан татварыг 50 хувиар бууруулж, ирэх оны 1-р сарын 1-ээс 1 хувь болгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлээс 2 төрлийн бараа, 6 төрлийн үйлчилгээнд 2 хувийн албан татвар ногдуулдаг. Тэгвэл өнгөрөгч 11-р сарын 9-ны өдөр болсон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 9-р хуралдаанаар баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалга, авто засвар зэрэг 6 төрлийн үйлчилгээний татварыг 50 хувиар буюу 1 хувь болгон бууруулаад байна. Харин бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн дагалдах хэрэгсэл болон согтууруулах ундаанд ногдуулдаг 2 хувийн татварыг хэвээр үлдээхээр болжээ. Мөн автомашин угаалгын үйлчилгээний хувьд саарал ус ашиглавал нэг хувийн, цэвэр ус ашиглавал 2 хувийн татвар ногдуулах зохицуулалт тусгасан юм байна.
Тэгвэл татвар бууруулах болсон шалтгааныг эдийн засгийн хүндрэл, шатахууны болон инфляцын үнийн өсөлттэй холбоотойгоор бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулж, хувийн хэвшлийг дэмжих зорилгоор уг шийдвэрийг гаргасан гэж нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва тайлбарлалаа. Түүний мэдээлснээр, татварын хувь хэмжээг бууруулснаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийт 8 тэрбум гаруй төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэх боломж бүрдэх юм байна.
Түүнчлэн НИТХ-аас цаашид дотооддоо үйлдвэрлэдэг 2 төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг бууруулах талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.