Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан галыг унтрааснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл өвс, тэжээл хүргэх ажил эхлээгүй байна

Өнгөрсөн аравдугаар сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт автомашинаас үүдэлтэй гал түймэр гарсан. Урьдчилсан тооцоогоор тус түймэр нь нийт Нөмрөгийн дархан цаазат газрын 79.8 хувийг хамарчээ. Гэвч галыг бүрэн унтрааснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл дархан цаазат газарт амьдардаг зэрлэг ан амьтдад өвс, тэжээл хүргэх ажил эхлээгүй байна. Харин нутгийн иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудын санаачилгаар 2,000 боодол өвсийг тус бүс нутагт хүргэх ажлыг эхлүүлжээ.

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь нөмрөгийн дархан цаазат газарт автомашинаас үүдэлтэй гал түймэр гарч, найман өдөр үргэлжилсний эцэст аравдугаар сарын 16-ны өдөр бүрэн унтраасан. Урьдчилсан тооцоогоор тус түймэр нийт 528 мянга орчим га талбай бүхий нөмрөгийн дархан цаазат газрын 468 мянга орчим га талбай буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувийг хамарсан байна. Тус бүс нутагт 2022 онд хийсэн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10 мянга гаруй бор гөрөөс амьдардаг хэмээн тооцоолжээ. Гэвч түймрийг бүрэн унтрааснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн ч зэрлэг ан амьтдад өвс, тэжээл хүргэх ажил өнөөг хүртэл эхлээгүй байна. Иймд нутгийн иргэд, бизнесийн байгууллагуудын төлөөлөл өөрсдийн санаачилгаар нэгдэж, төрийн бус байгууллага байгуулан, иргэд, малчид болон аж ахуйн нэгжүүдээс цугласан 2,000 орчим боодол өвсийг тус бүс нутагт хүргэх ажлыг эхлүүлжээ.

Нутгийн иргэдийн зүгээс засгийн газраас баталсан 629 сая төгрөгийн санхүүжилт одоогоор ажил хэрэг болж хэрэгжээгүй байгаа талаар мэдээллээ. Энэ өвөл засгийн газраас нийт 30 мянган боодол өвс хүргэхээр тооцоолсон бөгөөд уг хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Түүнчлэн олон жилийн дунджаар арваннэгдүгээр сарын 20-ны орчимд цас ордог тул цас орсны дараа өвс, тэжээл хүргэх ажил хүндрэх эрсдэлтэй байдаг байна. Иймээс өвс, тэжээл хүргэх ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатайг  онцолсон юм. Мөн өвс, тэжээлийг өөр аймгаас худалдан авна гэж яригдсан тул өөр аймгаас тээвэрлэх нь эдийн засгийн хувьд өндөр зардалтай тул тухайн бүс нутгийнхаа иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Харин энэ талаар Дорнод аймгийн Байгаль орчны газраас тодруулахад, өвс, тэжээл худалдан авах тендер зарлах бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд өвсийг тухайн бүс нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ.

Тухайн бүс нутагт гарсан гал түймрийн улмаас өвс, тэжээлийн хомсдолд орсон ан амьтдад өвс, тэжээл хүргэх ажлыг хуулийн дагуу шуурхай зохион байгуулж байгаа бөгөөд ажлын 14 хоногийн дотор өвс, тэжээл худалдан авах тендерийн сонгон шалгаруулалтыг эхлүүлнэ гэж холбогдох албаныхан мэдэгдлээ. Харин Нөмрөгийн дархан цаазат газар нь  Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 0.4 хувийг эзэлдэг ч хөхтөн амьтдын 39 хувь буюу 57 зүйл амьтан бүртгэгдсэн экологийн чухал бүс нутаг юм. Түүнчлэн нэн ховор амьтдын тоонд багтдаг хандгай, голын халиу зэрэг амьтад тус бүс нутагт амьдардаг. Иймээс ан амьтдыг өвлийг өнтэй давах нөхцөлөөр хангахын тулд өвс, тэжээл хүргэх ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатайг нутгийн иргэд онцоллоо.